Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.05.27/ болж Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай "Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд буй ашиггүй ажилласан төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. Ингэснээр түрээс, удирдлага, давхардсан бүтэцтэй холбоотой зардлууд буурч, нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна” гэв. Мөн цаашид Эрдэнэс Монголыг хөрөнгийн удирдлагын мэргэжлийн байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар ажиллаж буйгаа онцоллоо. Түүний мэдээлснээр тус нэгдэл ирэх сарын 15-наас “Чингис хаан баялгийн сан” консорциум нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.
Түүнчлэн иргэдийн баялгийн сангийн хуримтлалын талаар “И-Монголиа аппликэйшнээ нээгээд харвал иргэн бүрийн дансанд 500 мянган төгрөгийн хуримтлал бүртгэгдсэн байгаа. Үүнийг оны эцэс гэхэд нэг сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна. Цаашид 2030 он гэхэд иргэд хуримтлалаа ашиглах боломж бүрдэж, 3-5 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан” гэж мэдэгдэв. Мөн “Чингис хаан үндэсний баялгийн сан”-г толгой компанийн бүтэцтэй уялдуулан нэгтгэж, уул уурхайн баялгийг “дундардаг бус ундардаг баялаг” болгох, олон улсын хөрөнгө оруулалт татахад анхаарна гэдгийг хэлсэн юм.
Үүнээс гадна долоон компанийн захиргаа болон хэвлэл мэдээллийн багийг нэгтгэж, дундын үйлчилгээний тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа. “Аль болох цомхон бүтэцтэй ажиллаж, улс төрөөс хамаарал багатай засаглалыг бий болгоно. Олон улсад мөрддөг Сантьягогийн зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд компанийн дүрэмд өөрчлөлт оруулна” хэмээн мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна