С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Admin
2026/05/27

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй /2026.05.26/ уулзлаа. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй уулзаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, шийдвэрлэх, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлагыг өндөржүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцууллаа. 

 

 

Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн Солонгосын талтай хамтран ажиллахаар болсон. Сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны есдүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтой гэлээ. 

 

 

Эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг иргэд хэлж байлаа.  

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна