АНУ-ын нийслэл Вашингтон хотын Цагаан ордны гаднах аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгт зэвсэгт халдлага гарч, нэг хүн амь үрэгдлээ.
2026 оны тавдугаар сарын 23-ны бямба гаргийн оройн 18:00 цагийн орчимд 17 дугаар гудамж болон Пенсильванийн өргөн чөлөөний огтлолцолд нэгэн этгээд нууц албаны ажилтнууд руу гал нээсэн байна. Хариу гал нээх үеэр сэжигтэн хүнд шархдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураажээ.
АНУ-ын Нууц албаны мэдээлснээр, сэжигтэн шалган нэвтрүүлэх цэгт ойртож ирээд цүнхнээсээ галт зэвсэг гарган харуулд гарч байсан алба хаагчид руу буудаж эхэлсэн байна. Хэрэг гарах үеэр ойролцоо байсан гэрчүүд болон сэтгүүлчид 15-аас 30 орчим буун дуу сонссон гэжээ. Тухайлбал, "ABC News" сувгийн сурвалжлагч Селина Ванг Цагаан ордны гадна дүрс бичлэг хийж байхдаа олон арван буун дуу сонсож, газар хэвтэн хоргодож буй нь бичигдэн үлджээ. Буудалцааны үеэр хууль сахиулах байгууллагын нэг ч алба хаагч бэртэж гэмтээгүй байна.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг Несир Бест гэдэг бөгөөд сэтгэцийн хувьд тогтворгүй нэгэн байжээ. Түүнд өмнө нь тухайн бүсээс хол байхыг шаардсан хуулийн захирамж гарч байсан аж. Мөн энэхүү буудалцааны үеэр ойролцоо явж байсан нэг энгийн иргэн суманд өртөж, биеийн байдал нь маш хүндээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тухайн иргэн сэжигтний суманд өртсөн үү, эсвэл алба хаагчдын хариу гал нээх үед шархадсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Хэрэг гарах үед Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны өргөөнд байжээ.
Ерөнхийлөгчийн туслах Стивен Чунг түүнийг аюулгүй байгаа бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлж байгааг баталжээ. Буудалцааны улмаас Цагаан ордонд 40 орчим минутын турш хөл хорио тогтоосон байна. Хойд зүлгэн дээр байсан хэвлэлийнхнийг зэвсэглэсэн нууц албаны ажилтнууд яаралтайгаар хэвлэл мэдээллийн өрөө рүү оруулж, аюулгүй байдлыг нь хангажээ.

Одоогийн байдлаар уг хэргийг АНУ-ын Нууц алба болон Холбооны мөрдөх товчоо хамтран шалгаж байна. Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател тус байгууллагын ажилтнууд хэргийн газарт шуурхай очиж, Нууц албаны мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна