Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчний халдвар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин өссөн талаар ХӨСҮТ-өөс анхааруулж байна. Энэхүү өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг бөгөөд ялангуяа цэцэрлэг, сургууль зэрэг олны дунд амархан тархдаг юм.
Гар, хөл, амны өвчин нь бохир гар, агаарын зам, шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр дамжин халдварладаг. Мөн вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг ахуйн эд зүйлсээр дамжин хүүхдүүдэд халдварлах эрсдэлтэй байдаг. Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар ч мөн халдвар тархах боломжтой аж.
Өвчний үед халуурах, хоолой өвдөх, хоолонд дургүй болох, амны хөндий болон хэл, буйл орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах шинж илэрдэг. Мөн гарын алга, хөлийн ул, хурууны завсар, зарим тохиолдолд өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарч болно. Зарим хүүхэд бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.
Өвчний нууц үе ихэвчлэн 3-6 хоног үргэлжилдэг бөгөөд эхний долоо хоногт халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байдаг. Түүнчлэн вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахих шаардлагатай байна.
Хэрэв хүүхдийн халууралт хоёр ба түүнээс дээш хоног үргэлжлэх, шингэн ууж чадахгүй болох, олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх, унтаарах, татах, амьсгаадах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Мөн тууралт идээлэх, шархлах, улайж хавдах зэрэг шинж илэрсэн тохиолдолд эмчийн үзлэг шаардлагатай аж. Ихэнх тохиолдолд гар, хөл, амны өвчин хөнгөн явцтай бөгөөд 7-10 хоногийн дотор эдгэрдэг. Бага насны болон шингэн ууж чадахгүй байгаа хүүхдийг эмчийн хяналтад байлгах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Гэрийн нөхцөлд хүүхдийн гарыг тогтмол савандаж угаалгах, ус болон шингэнийг ойр ойрхон бага багаар уулгах, бантан, зутан, шөл зэрэг зөөлөн хоол өгөхийг зөвлөж байна. Харин хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийг цэвэр байлгаж, тууралтыг үрж цочроохгүй байх нь чухал юм. Халдвараас сэргийлэхийн тулд хүүхдийн тоглоом болон хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх, өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Мөн өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч бусад хүүхдээс тусгаарлах шаардлагатайг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна