Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засгийн харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс, Украин Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой ирэх жил тохиож байгааг цохон тэмдэглэж, энэхүү түүхэн ойн жилийн босгон дээр Украин Улсыг хавсран суух Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Володимир Зеленський Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ нотлов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна