Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өчигдөр Замын-Үүд боомтоор албадан гаргалаа. УИХ-аас 2010 оны долоодугаар сард баталж, мөн оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 болон 37.1.7-д заасанчлан ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол албадан гаргана хэмээсэн байдаг. Гэтэл ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тодорхой болсон өмнөд хөршийн иргэн Гао Линжон гэгч манай улсад багагүй хугацаанд оршин суусан юм.
Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жинша-Өргөө” ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшигч, гүйцэтгэх захирал Гао Линжон хөрөнгө оруулагчийн визээр манай улсад оршин сууж байсан бөгөөд тэрбээр Баянгол дүүргийн нутаг дахь нэгэн барилгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа нууцаар явуулж, орлогыг нь хувийнхаа дансаар авч, татвар төлөхөөс зайлсхийснийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн, тогтоожээ. Энэ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.5-д заасан зөрчил үйлдсэн учраас 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны дотор Гао Линжоныг Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн байсан юм.
Гэвч энэ хятад эр болон түүний өмгөөлөгч нар албадан гаргах шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Хамгийн сүүлд Улсын дээд шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гао Линжон болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр уг хятад иргэнийг албадан гаргах шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар бид өнгөрсөн сарын 17-ны дугаартаа “Албадан гаргах ёстой хятадуудыг улс төрчид хамгаалж байна гэв үү” хэмээх мэдээллээр уншигчдад хүргэсэн юм.
Түүнийг өчигдөр албадан гаргасан талаараа Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэхдээ “БНХАУ-ын иргэн Гао Линжон нь төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийдэг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан. Мөн АТГ, цагдаагийн байгууллага зэрэг хууль, хяналтын байгууллагуудад үе шаттай өргөдөл, гомдол гаргаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүй гүтгэх үйлдэл удаа дараа гаргаж байсан” хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна