УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

Admin
2026/05/05

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. 

Тэрээр, өндөр хариуцлагатай албанд сонгогдсонтой холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлсэнд талархалаа илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.

c6abbb363d064bf5b31e0acde2d6dcee

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга асан Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володины урилгаар энэ оны хоёрдугаар сард ОХУ-д амжилттай айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, парламентын найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн хүрээний асуудлаар Оросын талын холбогдох удирдлагуудтай үр дүнтэй уулзалт хийсэн тухайгаа дурдлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ойлголцол итгэлцлийг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхийн тулд Засгийн газар болон Парламентын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр санал солилцов.

Тухайлбал УИХ-аар баталсан Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж,  оролцогч бүх талуудад харилцан ашигтай байх тал дээр хамтарч ажиллах, тэр дундаа тарифын бус хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллах талаар санал нэгдлээ. 

c16de712160f4c5d8c8f44bea6abc1bf

УИХ-ын дарга С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тээврийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж транизит тээврийн хоёрдох коридорыг нээх, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын хооронд цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлуудад нягт хамтран ажилласныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай протоколд хоёр талын холбогдох сайд нар 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд дээрх протоколыг соёрхон батлуулахаар байнгын хороодоор хэлэлцүүлж, батлуулах ажилд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

0e78ee9da45b4d468071e3ebd0aa291d


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна