Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудыг сургуулийн цагдаатай болгоно” гэлээ.
Тэрбээр, “Миний бие дүүргийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүний хувьд дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудыг Сургуулийн цагдаатай болгох санал санаачилгыг гаргаж байна.
Учир нь сүүлийн үед хүүхдүүд сургуулийн орчин, анги танхимдаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сургуулийн орчинд гэмт хэрэгт холбогдох, болзошгүй осол гэмтэлд өртөх тохиолдол гарсаар байна. ЗГХА Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын гаргасан судалгаагаар 2025 онд 980 гаруй хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт болон цахим орчинд хүчирхийлэлд өртсөн. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо гэсэн байна.
Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа АНУ-ын сургуулиуд тусгай Сургуулийн цагдаатай байдаг. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд хамгаалж чаддаг. Харин манай улсын хувьд эцэг эхчүүд School Police хийдэг ч сургууль орчмын гарц дээр зогсож хүүхдийг аюулгүй байдлыг ханган ажилладаг юм.
Түүнчлэн өнгөрсөн сараас эхлэн манай дүүрэгт 34 хорооны хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч нар хамтран Нийтийн эргүүл хийж эхэлсэн. Ингэснээр сар хүрэхгүй хугацаанд энэ орчимд гардаг гэмт хэрэг, зөрчил 50 хувиар буурсан гэсэн судалгааг дүүргийн ЦГ-аас танилцуулсан. Дүүргийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүний хувьд санаачилсан энэ ажлаа дүүрэг дэх төрийн өмчийн 24 сургуульд хэрэгжүүлэх бөгөөд сургуулиудад гэрээгээр ажиллах цагдаа нарын цалин, урамшууллыг дүүрэг, орон нутгаас бүрэн шийдвэрлэж ажиллах юм” гэж өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна