Саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын байгаль орчин, байгалийн нөөцийн дэд сайд Денис Буцаев нууцаар АНУ руу оргосныг эх сурвалжууд энэ долоо хоногт мэдээлжээ.
Ерөнхий сайд Михаил Мишустин түүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасныг засгийн газрын баримт бичиг харуулж байна.
Ведомости сонин болон хараат бус сэтгүүлч Фарида Рустамова нар Буцаевыг үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 18-нд эх орноосоо дүрвэж, Беларусийн нийслэл Минск, Гүржийн нийслэл Тбилисигээр дамжин АНУ руу ниссэнийг мэдээлжээ.
“Буцаевын орголт нь ийм түвшний өндөр албан тушаалтан улс орноосоо зугтсан анхны тохиолдол юм” гэж Рустамова сошиал хуудсандаа бичсэн байна.
“Цаг тухайд нь урьдчилан анхааруулах найзуудтай байсан Буцаев азтай юм” гэж засгийн газрын нэг эх сурвалж ярьсныг Ведомости сонин мэдээлжээ.
Буцаев 2025 оноос дэд сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө засгийн газрын санхүүжилтээр байгуулагдсан хог хаягдлын үндэсний шинэчлэлийг удирдах үүрэгтэй Оросын Байгаль орчны Оператор (REO) компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 онд томилогдож байсан юм.
Эх сурвалжуудын баталснаар одоо Оросын хуулийн байгууллагууд дээрх компанийн удирдах албан тушаалтнуудыг луйврын хэргээр шалгаж байгаа гэнэ.
Буцаев уг хэрэгт шууд холбоотой байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна