Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага нарт чиглэл хүргүүллээ.
Үүнд,
1.Боловсролын сайдын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 4.3, 4.5, 4.7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллах,
2.Үе тэнгийн дээрэлхлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй сувгийг тогтмол ажиллуулах, мэдээлэл өгсөн хүүхэд болон иргэний нууцыг хадгалж, дээрэлхэлд өртсөн хүүхдэд "Хүүхэд хамгааллын шуурхай тусламж" үйлчилгээ үзүүлэх,
3. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын өөрийн үнэлгээг хийж, суралцагч өртөж болзошгүй аливаа эрсдэлийг арилгаж, багш, суралцагчдыг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах;
4. Суралцагчдыг ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, аливаа төлбөртэй давтлагад хамрагдахыг хүчээр тулгах зэргээр хүндрэл үүсгэхгүй байхыг багш нарт зөвлөх,
5. Эцэг эх, асран хамгаалагчийн санаачилга, “Эцэг эхийн зөвлөл” зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтнууд бэлэг сэлт авах зэрэг ёс зүйн зөрчлийг тэвчиж, таслан зогсоох,
6. Зуслан, жуулчны бааз, зочид буудал, амралт, цэнгээний газруудаар байгууллага, хамт олны зугаалга зохион байгуулж, нийтээр архидан согтуурахыг хориглох, хүүхдийг мансууруулах бодис, архи, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,
7. Суралцагчийн ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлд тохирсон сургалт, үйл ажиллагааг төлөвлөх, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанаас шалтгаалсан ялгаварлал, суралцагч хоорондын аливаа харьцуулалт үүсгэхгүй байхад анхаарч, хүүхэд нэг бүрийн хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулдаг байх,
8. “Суралцагч бүр өөрийн сурсан мэдсэн”-ээ багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэдээ тайлагнадаг байдлаар хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг шинэлэг байдлаар зохион байгуулах,
9. Багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоонд тулгуурлан суралцагч бүрийн сурч, хөгжих сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах,
10. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн ахиц, хандлага төлөвшлийн талаарх мэдээллийг тогтмол хүргэх,
11. Багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүмүүжлийн эерэг аргыг таниулах, суралцагчийн цахим орчин дахь аюулгүй хэрэглээг ойлгуулах, хүүхдээ хамгаалах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх,
12. Суралцагчдад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварыг эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах,
13. Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах,
14. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой аливаа арга хэмжээнд баталгаагүй газраас хоол, хүнсний бүтээгдэхүүн авч суралцагчийг болзошгүй эрсдэл, хоолны хордлого халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хэт боловсруулсан болон шим тэжээлийн агууламж багатай чихэр, тосны агууламж өндөр бүтээгдэхүүнийг хүүхдэд сонгохгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөх.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна