МӨХ:Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Өмгөөлье хамгаалъя" аяныг өнөөдрөөс эхэлж зохион байгуулж байна

Admin
2026/04/20

Монголын өмгөөлөгчдийн холбооноос үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар мэдээлж байна.

Тэд хэлэхдээ, "Суралцагчдын хувьд сурч боловсрох, олон нийтийн харилцаанд оролцох, хамтран үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулах нь маш чухал ач холбогдолтой. Энэ нь тэдэнд олон эерэг үр дагаврыг авчирдаг.

Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчдийн байгууллагаас үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн, холбогдсон хүүхдүүдэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг эерэг өнгө аясаар зохион байгуулахаар ажиллаж байна. Боловсролын чиглэлийн бодлогын яам болон Хууль зүйн яамны зүгээс ч үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой тодорхой бодлогын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Бид зөвхөн хууль эрх зүйн асуудалд анхаарахгүй, дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд давхар анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд сэтгэл зүйн төвүүд, мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран ажиллах олон санаачилга хэрэгжүүлж байна.

Манай санаачилгад Монгол Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй иргэдийн хурлын байгууллагууд, боловсролын байгууллагууд нэгдэж, эрсдэл өндөр байж болзошгүй сургуулиудын мэдээллийг ирүүлсэн. Тухайлбал, нийслэлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, мөн Булган аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдийн хурлын зүгээс орон нутагтаа өмгөөлөгч, сэтгэл зүйчдийн оролцоотой сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах санал гаргасан.

Бид үндэсний хэмжээнд аймаг, нийслэлийн сургуулиудад эрх зүй болон сэтгэл зүйн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулна. Зөвхөн хууль эрх зүй ярьснаас илүү хүнлэг, ёс суртахуунтай, найрсаг иргэдийг төлөвшүүлэхэд анхаарах нь чухал гэж үзэж байна.

Манай зохион байгуулж буй аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг удирдах зөвлөл болон ажлын хэсгийн гишүүд өгнө.

Энэхүү аян нь нийгмийг цочроосон үйл явдлуудтай холбоотойгоор санаачлагдсан. Бид өсвөр насны хүүхдүүдийн онцлог, тэдэнтэй хэрхэн зөв харилцах талаар анхаарч, 30 орчим сургуулийн дунд ангийн сурагчдад сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ сургалтад зөвхөн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийг бус, дээрэлхэлт үйлддэг гэж нэрлэгдэж буй хүүхдүүдийг ч хамруулна. Учир нь тэдгээр хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн хувьд хайр, анхаарал дутсан байх нь элбэг тул ялгаварлахгүйгээр хамтад нь ажиллах шаардлагатай.

Мөн сургуулийн орчин, багш, эцэг эх гэсэн гурвалсан оролцоо байж энэ ажил үр дүнтэй болно. Тиймээс нийгмийн ажилтан, багш нартай хамтран сургалт явуулна.

Өмгөөлөгчид сургалт явуулна гэхээр заримд нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ бид өмгөөлөгчдийг өсвөр насныхантай зөв харилцах, тэдний онцлогийг ойлгох чиглэлээр сэтгэл зүйн бэлтгэлд хамруулж байна. Одоогоор 80 гаруй өмгөөлөгч 30 гаруй сургууль дээр ажиллахаар бэлтгэгдсэн. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан" гэв. 

Өмгөөлөгч н.Ариунцацрал: Өнөөдөр бид ял шийтгэлийн талаар түрүүлж ярихаас илүүтэйгээр сэтгэл зүйн асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Бид өөрсдөө ч эцэг эх хүмүүс учраас энэ асуудлыг илүү мэдэрч байгаа.

2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр улс даяар, төрийн болон хувийн байгууллагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагууд хамтран сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна.

Манай улсад 14 наснаас эхлэн эрх зүйн хариуцлага тооцох боломжтой. Гэмт хэргийн шинж чанараас шалтгаалан 5-10 жил, зарим тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай байдаг. Бусад улс оронд үе тэнгийн дээрэлхэлтийг тусгайлан хуульчилсан байдаг бол манайд одоогоор гэмтлийн зэрэг, хор уршгаас хамааран ял шийтгэл оногдуулж байна.

Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй сургалтын онцлог нь өмгөөлөгчид өөрсдөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, практик туршлагатай хүмүүс байдаг тул сурагчдад бодит, тулгамдсан асуудлыг оновчтой хүргэх боломжтой.

Сургалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, зөвлөгөө өгч, мөн эсээ бичлэг, видео контент, шторкийн уралдааныг 7 хоногийн хугацаанд зарлана.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Билгүүн: Олон улсын судалгаагаар манай улсын хүн амын 45 хувь нь 10-24 насныхан байна. Түүнээс 13-17 насны хүүхдүүдийн 26.8 хувь нь сүүлийн 30 хоногт үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн судалгаа бий.

Энэ нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурдагдсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна