Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн баасан гарагт (2026.04.17) авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж дууссан. Шүүхээс тэдэнд тус бүр хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд дараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Шүүхийн мэдээллийн суваг “Б.Энх-Амгалан нь хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км орон нутгийн чанартай байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон авто замыг улсын чанартай зам болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал гаргасан. Улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай шороон авто замыг хатуу хучилттай авто зам болгох нэрийн дор хууль зөрчиж “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д “Авто зам түр эзэмших эрх олгох тухай” сайдын тушаал гарган, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-дад давуу байдал бий болгосны улмаас Говийн шороон хөрсөн замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгосон. Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа холбогдох газруудаас орон нутгийн эзэмшлийн авто замд бодит байдлаар хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарлаж, дурын этгээд хүнд даацын тээвэрлэлтийн ажлыг зохих стандарт, нормыг хэтрүүлэн, хяналтгүйгээр зорчих боломжийг олгосон. Олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн газрын хөрсийг эвдэх, малын бэлчээр устах, хүн, малын өвчин гарах, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор ойр өнгөрснөөр иргэд, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5 өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна