Д.Тогтохсүрэнг үндэслэлгүй хөрөнгөжсөн, 100 сая төгрөгний хахуул авсан хэрэгт буруутган, шүүхэд шилжүүлжээ

Admin
2026/04/14

Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг 820 сая төгрөгний байр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 100 сая төгрөгний хахуул авсан хэрэгт буруутган, шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох 2501000320053 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 35 хавтас, 8319 хуудас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шалгасан.

Яллагдагч Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн, Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6600 тн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100,0 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1,8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна