Г.Ганбат: Ард түмэн 34 жил УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийг батлуулахын төлөө удаа дараа оролдлогууд хийсэн

Admin
2026/03/02

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат" Бидний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа энэхүү хэвлэлийн хурлаар илэрхийлж байна.

Ард түмэн 34 жил энэхүү хуулийг батлуулахын төлөө удаа дараа оролдлогууд хийгдэж байсныг мэднэ. Тухайлбал, 1992 оны Үндсэн хууль, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үзэл санаа тусгагдаж ирсэн ч өнөөдрийг хүртэл хуулийн төсөл дэмжигдэж байгаагүй. Иймд бид энэ хуулийг хэлэлцэн батлахад анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг илэрхийлэхээр хэвлэлийн бага хурлыг зарлаад байна.

Өнөөдөр парламентад нүүрсний, Хөгжлийн банкны гээд гурван шатны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдсон гишүүд өчнөөн олноороо сууж байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн хүмүүс хүртэл их хуралд сууж байдаг. Иймд энэхүү хуулиар эдгээр асуудлууд байхгүй болно. Улмаар нийгмийн шударга ёс бий болно гэж харж байгаа.

Хоёрдугаарт, сонгогдсон этгээдийн хариуцлагын тогтолцоо бий болно гэж харж байна. Учир нь сонгуулийн үеэр сайхан зүйл ярьчхаад сонгогдсоны дараа ярьсан зүйлсийнхээ эсрэг юм хийдэг.

Гуравдугаарт, сонгуулийн соёл төлөвшинө. Үнэхээр худлаа ярьж, хулгай хийх юм бол УИХ-аас татна гэдгийг гишүүд ойлгодог болно. Хамгийн чухал нь төрийн нэр хүнд сэргэнэ. Ард түмний итгэл сэргэж улс орон хөгжих үндэс тавигдана" гэлээ.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон "Өнөөдөр манай нийгэмд бий болоод байгаа хулгай, луйврыг төр засгийн гишүүд хийж байна. УИХ-ын гишүүн болчих юм бол бүрэн эрх, халдашгүй байдал гээд хийж байгаа бусармаг зүйлсээ нууж болдог. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэргийг үйлдэл дээрээ зөвхөн нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд л түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл өнөөдөр Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заалт үүнд үйлчлэхгүй байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд өөрсдөдөө олгосон давуу эрхээ ашиглаад хулгай, луйвраа үргэлжлүүлсээр байгаа. Иймд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжиж, шахалт, шаардлага тавина гэдгээ илэрхийлж байна" гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна