Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс зохион байгуулсан “Менторшип-2025” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн бодлого, хэрэгжилт, олон улсын стандартын хүрээнд шинээр ажилд орж буй залуучуудтай багш, шавийн гэрээ байгуулж, “Менторшип” хөтөлбөрт хамруулан ажил мэргэжил дээр нь дадлагажуулан ажиллажээ.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр: “Эрдэнэт үйлдвэр өнөөдөр хөгжлийнхөө 50 жилийн түүхэн дээр явж байна. Үйлдвэрийн газрын хүний нөөцийн бүрэлдэхүүнд томоохон шинэчлэл гарч, залуу ажилтнуудаар эгнээгээ тэлж байна. Одоогийн байдлаар хүний нөөцийн 70 гаруй хувь нь 45 хүртэлх насны залуучууд ажиллаж байгаа. Манай хэлтсээс тасралтгүй хэрэгжүүлж буй “Менторшип” хөтөлбөрийн энэ жилийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрт Хүний нөөц, захиргааны хэлтсийн залуу ажилтнууд, ажил, амьдралын дадлага туршлагатай 12 ажилтан амжилттай хамрагдлаа. Зургаан сарын хугацаанд шинэ ажилтнуудыг сургаж дадлагажуулах, ахмад туршлагатай ажилтнуудаас суралцах ажил маань амжилттай хэрэгжиж дүнгээ гаргалаа. Тус хөтөлбөрийн бас нэг онцлог нь Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлд ментор хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрт хамрагдсан менти болон менторуудыг урьж оролцууллаа. Ингэснээр энэхүү хөтөлбөр цаашид үр дүнтэй явах, сайн туршлагаа хуваалцах, ажлын туршлага дадлагатай, ур чадвартай ажилтнуудыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулна” гэв.
Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэг: “Манай хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Менторшип-2025” хөтөлбөрт миний бие ажиллалаа. Менти буюу шавиар хоёр ажилтныг авч ажил мэргэжилд нь дадлагажууллаа. Энэ хоёр миний 9, 10 дахь шавь нар. Сүүлийн 3-4 жилд нийт 10-аад шинэ залуу ажилтныг “Менторшип” хөтөлбөрт хамруулж, ментороор ажиллалаа. Менти буюу шавь нар нь Ментор буюу багшийгаа сонгосон нь энэ удаагийн хөтөлбөрийн онцлог юм. Тэд юу сурах, ямар чиглэлээр дадлагажих, ямар мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх зорилгоо дэвшүүлж ажилласан онцлог жил байлаа. Ментор, менти хоёрын аль алинд нь давуу, бас сул талууд байдаг. Ер нь шинэ залуу ажилтнуудын мэдлэг, ур чадварын түвшин жилээс жилд ахисан. Миний энэ хөтөлбөрт оролцсоны нэг онцлог нь менти нарынхаа мэргэжлийн ур чадварын түвшнийг матрицын үнэлгээний аргаар тодорхойлсон явдал юм. Мөн үйлдвэрийн газрын хэмжээнд мэргэжлийн ур чадвараар сургадаг, залуу ажилтнуудын авьяас билгийг хөгжүүлдэг багш нарыг янз бүрийн үйлт ажиллагаанд татан оролцуулдаг. Дадлагажуулсан шавь нарын мэргэжлийн болон ерөнхий ур чадвар нь 13-16 хувиар ахисан үзүүлэлт гарсан. Энэ нь багагүй өндөр үзүүлэлт. Сүүлийн хоёр шавь маань архивын албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажиллалаа. Сурч, хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн залуус байсанд баяртай байна.
Төрөлжсөн архивын зааварлагч, арга зүйч Б.Биндэръяа: Хүний нөөц, захиргааны хэлтсээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Менторшип” хөтөлбөрийн оролцогч болсондоо маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн шилдэг ментигээр тодорлоо. Ментортойгоо хөтөлбөрийнхөө төлөвлөгөөнд 50 ажил тусгаж хэрэгжүүллээ. Их олон зүйл зааж сургасан ментортоо маш их баярлалаа. Түүний зааж сургасан хичээл зүтгэл, сэтгэл, миний цаашдын ажил, амьдралын карьерын үндэс суурь болно гэдэгт итгэж байна. Энэ бүхнийг үгээр гүйцэт илэрхийлэх боломжгүй юм шиг санагдаж байна. Менторынхоо мэдлэг чадвар, туршлага, сэтгэл зүтгэл, бүх юмнаас нь би их далайн уснаас шанагаар утгах адил авсан. Мөн товчхондоо хүн байхын их ухаанд суралцлаа. Мэргэжлийн хувьд 14 хичээл орсон, дадлага ажил хийлээ. Мөн өөрийн зан төлөв болон карьерыг тодорхойлуулах, тест оношилгоо хийх гэх мэт, бид хоёрт хийсэн ажил их байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна