ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Онцгой комисстой хамтарсан хуралдаан хийлээ

Admin
2025/09/15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, 2025.09.15-ний өдөр Баян-Өлгий аймаг Онцгой комисстой хамтарсан хуралдаан хийлээ. 

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ жил Баян-Өлгий аймаг Баруун бүсийн аймгууд дундаа зуны турш ганд нэрвэгдсэн нутагт хамаарч байгаа. Тус аймгийн малчид энэхүү хүндрэлтэй нөхцөл байдал, өвөлжилт хүндрэх эрсдэлээс сэргийлэн малаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлаа эрчимжүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд 10414 малчин өрхөд 2.8 сая толгой мал маллаж байгаа бол энэ намар 400 орчим мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ.  

Бэлчээрийн даац 99.8 гаруй хувьд хэтэрсэн дүгнэлттэй байгаа тул аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давуулан бүрдүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Энэ хүрээнд ОХУ-ын Алтайн хязгаараас өвс, тэжээлийг тогтвортой үнээр худалдан авах  гэрээ, хэлэлцээ хийж эхэлжээ. Баян-Өлгий аймаг 37 аж ахуйн нэгж импортоор малын тэжээл нийлүүлж байна гэв.

Аймгийн онцгой комиссоос мал, махны экспортын гэрчилгээ, өвс тэжээлийн импортын мэдэгдлийг богино хугацаанд шийдвэрлэх, хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газар нутагт отроор мал оруулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Ажлын хэсгээс хүслээ.

Төрийн нарийн бичгийн дарга Ажлын хэсгийн ахлагч Т.Жамбалцэрэн Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан, мал, махны экспортын гэрчилгээ, өвс тэжээлийн импортын мэдэгдлийг богино хугацаанд шийдвэрлэх болон хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газар нутагт отроор мал оруулах асуудалд дэмжлэг салбарын яамнаас дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна