“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган 2025” арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд олон улсын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж буй. Үзэсгэлэнгийн үеэр олны анхаарлыг хамгийн их татсан асруудын нэг нь STEAM боловсрол болон Hands-on learning арга барилыг хүүхдийн хөгжилд нэвтрүүлж буй бүтээлч орчин байлаа.
Хүүхдийн төсөөллийг бодит болгох, математик болон инженерчлэлийн арга барилаар дамжуулан шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Брайт спарк СТИЙМ” академи нь БНСУ-д боловсруулсан, 40 гаруй улсын боловсролын салбарт амжилттай хэрэгжиж буй 4DFrame STEAM боловсролын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, өнөөдөр олон улсын үзэсгэлэнгийн үеэр Regional Hub болох эрхтэй хамтын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Брайт спарк СТИЙМ Академийн захирал Ч. Төрбадрах, “Бид яг 1 жилийн өмнө олон улсын багшлах эрхийн сургалтаа авч, цаашлаад ‘4DFrame STEAM’ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь 3 наснаас дээш бүх хүүхдэд зориулсан бөгөөд хичээлийг зөвхөн онолоор бус, хүүхдүүд өөрсдийн төсөөллөө бодит бүтээл болгон хийх замаар, биечлэн туршин, тоглонгоо математик, шинжлэх ухааны ойлголтыг эзэмших боломжтой. 4D Land байгууллага багшийн сургалтыг хамгийн их чухалчилдаг бөгөөд хүүхдүүд 4DFrame хэрэглэгдэхүүнээр зөвхөн бүтээл хийх биш, шинжлэх ухаанч зарчмыг хөгжүүлэхэд тулгуурлан ашиглахыг зорьдог. Мөн та бүхний харж байгаа энэхүү 4DFrame Мехатроник сургалт нь хүүхдийн төсөөллийг бодит бүтээл болгон хувиргахын зэрэгцээ XXI зууны зайлшгүй хэрэгтэй инженерчлэл, технологийн суурь чадваруудыг хөгжүүлэх онцгой сургалт хэмээн онцоллоо.
Солонгосын Венчур Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, 4D Land боловсролын институтийн захирал Яанг Хью Сүг, “Би анх есөн жилийн өмнө Монголд ирэхэд сургалтын арга барил уламжлалт хэв шинжтэй байсан. Харин өнөөдөр Монголын боловсролын салбар STEAM боловсролын ач холбогдлыг илүү ойлгон, өргөнөөр хүлээн зөвшөөрч байгааг харахад сайхан байна. 4DFrame хөтөлбөр нь сурах бичгээс гадна амьдралтайгаа уялдуулан шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийг нэгдмэл арга зүйгээр суралцах боломжийг олгодог” гэлээ.
Мөн “Хангай” их сургуулийн захирал Сунь Мүнь 4DFrame STEAM боловсролын асраар зочилж, ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр, “Ийм боловсролын хөтөлбөр Монголд эрт орж ирэх ёстой байсан. Солонгос улс дэлхийн хөгжлийн тэргүүлэх эгнээнд хүрсэн нь зөвхөн эдийн засгаас бус, ийм боловсролын хөтөлбөртэй холбоотой. Монгол хүүхдүүдийн оюун ухаан дэлхийн хүүхдүүдтэй адилхан. Хамгийн гол нь ямар арга зүйгээр тэдний сэтгэлгээ, төсөөллийг хөгжүүлж байна вэ гэдэг чухал. Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ үед багш нар байнга суралцаж, арга зүйгээ шинэчлэх шаардлагатай” гэж онцлов.
Ийнхүү “Брайт спарк СТИЙМ” Академи олон улсын үзэсгэлэнд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан ба урлагийг нэгтгэсэн боловсролын үнэ цэнийг танилцуулж, олны анхаарлыг татсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна