Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд замд энэ оны тавдугаар сарын 7-ны өдрийн 07.00 цагийн орчимд “Автомашины марк, улсын дугаар тодорхойгүй автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас ослыг шалгахад "Hyundai Elаntra" маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоожээ. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байгаа талаар мэдээллээ. Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан тохиолдолд хуульд зааснаар хариуцлага тооцдог болохыг анхааруулж байна.
Осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “камерийн систем Монголд хөгжсөн гэдгийг иргэд ухамсарлаагүй байна. Зугтсан хүнийг барихад маш хялбар болсон. Түүнчлэн мэдээллийг хүмүүс хурдан шуурхай өгдөг болсон. Ийм машин осол гаргалаа гэх мэт мэдээллийг шуурхай өгдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхи сайн болж байгаа. Тэгэхээр зам тээврийн осол гаргасан хүмүүс хэргийн газрыг орхиж битгий зугт. Гэмт хэргийн газар заавал ул мөр үлддэг учир угаасаа тухайн хүн баригдах нь гарцаагүй. Авто аваарын гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэмээн хүндэрдэг. Хэрэв хүн дайраад алсан тохиолдолд авто аваарын гэмт хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн гээд 3-5 жилийн хорих ял оноодог. Ингээд ялынхаа 30 хувийг эдлэх юм бол тэнсэн харгалзахаар гаргадаг. Тэгэхлээр энэ бол зөөлрүүлэх гэмт хэрэг юм. Хэрвээ тухайн хүн зугтаах юм бол санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ороод 5-10 жил хүртэлх хугацаагаар яллах, мөн дахиад хүний амь нас хохироосон бол 5 жилийн ял өгдөг. Нийлээд 13-15 жилийн ял өгнө" гэх мэдээллийг өгч байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна