ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар тавдугаар сарын 09-ний өдөр болох Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москва хотноо очлоо.
Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Ялалтын баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцож байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилга хүлээн авч, Ялалтын баярт оролцохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хоёр хүндэт зочин бий. Тэд бол Эх орны дайны үед Монголын ард түмний өгсөн тусламжийн барааг Зөвлөлтөд хүргэхээр 1942 онд Монголоос мордсон бүрэлдэхүүнд багтаж, 19 насандаа Свердловскийн фронтод очсон 102 настай Ахмад дайчин С.Цэгмид. 1939 онд 15 настайдаа Халхын голын байлдаанд сайн дураараа оролцож, чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан өдгөө 101 настай Ахмад дайчин С.Чимэдцэрэн гуай нар юм. Азай буурал хоёр ахмад дайчны хамт Ерөнхийлөгч хүндэт зочноор уригдаж, Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалыг үзэж, түүхт ойн баярт оролцохоор Төрийн тэргүүний хамт тусгай суудалд тухлан, Москва хотноо газарджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна