Т.Өлзийжаргал 5 настайдаа ёочин хөгжимтэй танилцаж амьдралынхаа 20 жилийг энэ л хөгжмийг суралцахад зориулсан. Монголын хүүхдийн ордонд ажилладаг байсан ээж нь түүнийг тус ордны багш н.Энхтуяагийн шавь болгосноор тэрээр ёочин хөгжимчин болох сууриа тавьж байсан түүхтэй. Ингээд тэрээр 6-р ангидаа ХБК-д элсэн орж Д.Чилхаасүрэнгийн шавь болсноор мэргэжлийн хөгжимчин болох гараагаа эхлүүлжээ.
Тэрээр 2005 онд ОХУ-ын Буриадад болсон “НАЙДАЛ-2005”- ОУ-ын уралдаанд II байр , МУГБ Г.Дашдаваа багшийн нэрэмжит мэргэжлийн ёочинчдын /2006/ Улсын анхдугаар уралдааны II байр, АЖ,ТХШ Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн /2008/ улсын анхдугаар уралдааны II байрыг эзэлж байв.
Ингээд тэрээр ХБК-ийг амжиллтай төгсөж сургуульдаа мэргэжлийн хөгжмийн багшаар ажиллаж байгаад БНХАУ-ын Шанхай хотын Консерваторт Ёочин хөгжмөөр магистрт суралцаад ирсэн юм. Шанхайн Консерваторийн профессор, Бүх Хятадын ёочинчдын зэрэглэл тогтоох байгууллагын гишүүн Чен Хай Хуа бол түүний багш. Т.Өлзийжаргал эх орондоо ирээд ХБК-доо үргэлжлүүлэн багшлахын сацуу ҮУИТ-ын гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн.
Тэрээр үргэлжлүүлэн суралцаж, хөгжимдөх ур чадвараа дээшлүүлсээр ХБ,ТШ УГЗ Б.Шаравын нэрэмжит /2016/ ОУ-ын 2-р уралдааны Дэд байр, МУГБ Г.Дашдаваагийн нэрэмжит “Ёочин,ёочин төст хөгжимчдийн ОУ-ын 2-р уралдаан”-ны /2018/ Тэргүүн байр, Виртүс академийн 2018 оны “Шилдэг гарамгай хөгжимчин”, 2025 онд “Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчний шагналыг хүртсэн юм.
Мөн хэд хэдэн бие даасан тайлан тоглолтоо ч эх орондоо тавьсан. Түүгээр зогсохгүй БНХАУ-ын Шанхай хотноо урилгаар "Cadillac Shanhai Concert hall"-н тайзнаа бие даасан тоглолтоо толилуулсан юм. Монголын хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Ш.Өлзийбаяр, Цэн Эрдэнэбат нарын ёочинд зориулсан бүтээлүүдийг гадны улс орны тайзнаа анх эгшиглүүлсэн нь Монголын Хөгжмийн Урлаг , тэр тусмаа ёочин хөгжимчдийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ.
Хөгжимчин болохын тулд хувийн амьдралаа хэрхэн хойш тавьж энэ хүртэл ирсэн тухайгаа хийгээд урлагийн хүний туулдаг хатуу хөтүү, баяр, гуниг, зовлон, жаргал гээд олон зүйлсийн талаар бид ярилцсан. Харахад турьхан, шавилхан энэ л бүсгүй хөгжимчин болохын тулд чухам ямар замыг туулж энд хүрснийг сонордоё.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна