Тэр бол 60 жил нуугдсан эрдэнэ. Учир нь 60 настайдаа өөрийнхөө урлан бүтээх авьяасыг нээж, бүтээн туурвиж яваа уран бүтээлч юм. 37 жил Боловсролын салбарт ажиллаж цэцэрлэгийн бяцхан хүүхэд багачуудад заан сургаж байсан бол өдгөө өөрөө суралцан Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн тод мөрийг бичиж сууна. Ийн итгэлтэйгээр хэлэх болсны учир нь тэрээр зөөлөн баримал буюу нэхмэл хүүхэлдэйгээр дэлхийн болон Монголын алдар цуутай хүмүүсийг урлаж бие даасан үзэсгэлэнгээ гаргасан анхны Монгол эмэгтэй болсон юм. Гэхдээ тэр мэргэжлийн биш чөлөөт уран бүтээлч. Гэсэн хэдий ч Дүрслэх урлагийн салбарын мэргэжлийн уран бүтээлчид түүний бүтээн туурвих авьяасыг өндрөөр үнэлсэн нь түүний хийх хүсэл, урам зоригийг улам бадраажээ.
Бага хүүгийнхээ зурах авьяасыг 5 настайд нь нээж хүүгээ зураач болгож байсан Д.Нинагийн авьяасыг хожим нь харин хүү олж харан нээсэн байна. Одоо хүү нь түүний куратороор ажиллаж, заан зөвлөж, чиглүүлдэг. Ингэж л ээж хүү хоёр нэгнээ дэмжин хамтдаа уран бүтээлээ туурвиж буй.
Нас бол тоо гэдгийг батлан харуулсан тэрээр 2024 онд зөөлөн баримлын бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бол 2 дахь бие даасан үзэсгэлэнгээ энэ онд багтаан гаргахаар шамдан бүтээн туурвиж байна. Энэ удаад Дэлэхийн болон Монголын алдартай киноны ганц дүр бус чухал сценийг илэрхийлсэн бүтээл туурвиж байгаа аж. Мөн Япон улсаас түүний зөөлөн баримал буюу нэхмэл хүүхэлдэйн үзэсгэлэнг гаргахыг урьсан байна. Ингээд 60 жил нуугдсан эрдэнэ болох чөлөөт уран бүтээлч, өндөр настан Д.Нинагийн ярилцлагыг хүргэе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна