Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилсон билээ. Тус компани нь уул уурхайн салбарын бус төрийн өмчит 44 компанийн засаглалыг сайжруулах, давхардсан чиг үүрэг болон орон тоог цөөлөх үүрэгтэй юм.
Түүнчлэн санхүүжилт босгох, дэмжлэг үзүүлэхээс гадна ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг чиг үүргээр нь нэгтгэх, шаардлагатай гэж үзвэл татан буулгах хүртэлх арга хэмжээг авч ажиллана. Түүнээс төрийн өмчит 44 компанийн санхүү, төсвийг зарцуулах эрх, үүрэг "Эрчист Монгол" ТӨХХК-д олгогдоогүй аж. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ойлгогдоод байгаа шиг төрийн өмчит 44 компанийн төсөв, санхүүд нь оролцохгүй, зарцуулах эрх үүрэг байхгүй гэсэн үг.
Засгийн газрын тогтоолд "МИАТ" ТӨХК, "Монголын төмөр зам" ХК, "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК, "Автоимпекс" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Төрийн орон сууцны корпораци" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрчист Монгол"-ыг тогтоожээ. Харин эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 66 хувийн төлөөллийг "Эрчист Монгол" ТӨХХК, 34 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна