Хууль бусаар авсан УХАА ХУДАГ, Ерөнхийлөгч нь гадагшаа зарсан ТӨГРӨГ НУУРЫН ОРД-ыг ТӨР ард түмэндээ эргүүлэн өгч чадах уу?

Admin
2025/04/09

Ухаа худаг, Төгрөг нуурын орд зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордууд чухам ямар замаар ТӨРИЙН МЭДЛЭЭС БУЛТАВ

Стратегийн ордуудын үр ашгийг төр бус иргэд хуримтлалын дансаар дамжуулж шууд хүртэх боломж бүрдсэн Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхлээд жилийн хугацаа үдэж буй. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломж бүрдээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байсан.

Тэгвэл Засгийн газрын дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Учир нь УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 18 жил болж байгаа юм. Эдгээр стратегийн ач холбогдол бүхий 39 ордыг төр өөрийн мэдэлдээ авах талаар хэлэлцэх юм. Хэрвээ УИХ тус тогтоолын төслийг дэмжвэл стратегийн 55 ордын үр шимийг ард иргэд хүртэх эрхтэй болно. Энэ асуудал яригдаж эхэлснээр Тавантолгойн бүлэг ордын нэг болох УХАА ХУДАГИЙГ хууль бусаар авсан гэх “М Си ЭС” ХХК-ийн захирал Ж.Оджаргал, Монгол улсын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын 250 сая ам доллараар гадны компанид зарсан гэх ТӨГРӨГ НУУРЫН ОРДНЫ асуудлууд сөхөгдөж, тэдний булхай ил гарч буй. Өөрөөр хэлбэл ард түмний хүртэх байгалийн баялгийг хэсэг бүлэг эрх бүхий хүмүүс хэрхэн хүртэж, хөрөнгөжиж өнөөг хүрсэн тухай амтай болгон ярьж байна.

Тэгвэл стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг талаар өмнөх болон одоох Засгийн газрын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: "Эдгээр 39 ордын асуудлыг өнгөрсөн хугацаанд мартагнуулж ирсэн. Мөн гадаад, дотоодын компаниуд санхүүгийн схем үүсгэн зарж ирсэн тул стратегийн ордод тооцуулахаар болж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг. Тавантолгойн бүлэг орд нь стратегийн 16 ордын зөвхөн нэг нь. Хэрэв Монголын ард түмэн тэдгээр 55 ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хуваарилж буй шиг ашиг хүртэх юм бол ямар хэмжээний ногдол ашиг хүртэх вэ гэдэг нь ойлгомжтой" гэсэн юм.  Мөн " Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫГ үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан нь үнэн. Зарах,зарахдаа Виржини арал,Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн  болъё  гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ёстой. Х.Баттулга, Д.Жаргалсайхан, Ө.Шижир, О.Алтангэрэл, Г.Хосбаяр гээд гишүүд нэгдэж 21 аймаг тойрсон. Стратегийн ордод 34-50 хувь хүртэлх ордыг авах ёстой. Хуулиа хэрэгжүүлэх ёстой. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол, 2024 оны дөрөвдүгээр сард баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэдгээр 21 аймгаар тойрсон. Стратегийн ордод авах ёстой ордуудаа жагсаасан. Энэ дотор Төгрөг нуурын орд байгаа. Хэрвээ энэ Төгрөг нуурын орд Х.Баттулга гишүүнийх байсан бол энэ хүн өөрийнхөө өмчийг ард түмний мэдэлд өгье өө гээд явж байгаа нь шударга гэж тооцох уу, тэнэг гэж тооцох уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд:О.Алтангэрэл: Төгрөг нуурын орд зарагдсан гэж байна. Тэглээ гээд  хаяхгүй шүү дээ. Хүн юм аа хулгайд алдчихаад “Өө, өөр хүнд зарсан юм байна, авахаа болъё” гэдэггүй биздээ. Хэчнээн олон улсын биржид гарсан байсан ч гэсэн хэлцэл хийх ёстой. Ард түмэн хувиа олж авах ёстой. УИХ оруулж байгаа нь хэлцэл хийх эрхээ олж авъя гэж байгаа юм. Зөвшөөрвөл хэлцэлд орно. Төр засаг чинь дээрэмчин биш. Гэхдээ Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу тогтоол УИХ-д өргөн барьсан тэр нь батлагдаа ч үгүй байхад үйл явц их өрнөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж: 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Тэр хуулиар нэлээд яваад би 2006 онд УИХ-ын дарга байхдаа энэ хууль болохгүй юм байна, гол ордууд дээрээ төрийн хяналт байх ёстой юм байна гээд стратегийн орд гэдэг заалттай хуулийг батлуулсан. Хууль батлагдсаны дараа 2007 онд 50-иад ордыг стратегийн ордод бүртгэх санал Засгийн газраас орж ирээд материал нь бүрэн 15 ордыг бүртгэж, баталсан. Д араа нь нэг ордыг нэмсэн. Баялгийн сангийн тухай хууль батлагдаад дахиж энэ асуудал идэвхтэй яригдаад явж байна. Гэхдээ цэвэр хуулийн талаас харахад компаниудыг буруутгаж хэрэггүй. Учир нь тэр компаниуд тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу л авсан. Тэдний буруу гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Г.Дамдиням: Стратегийн ордын хувь эзэмшлийн асуудал нь одоо тухайн ордыг ашиглаж байгаа компанийн хувь эзэмшилтэй холбогдоод байгаа юм. Ер нь олон улсад төр хувь эзэмшээд амжилт олсон гурван л хэлбэр бий.

  • Огт эзэмшихгүй байх
  • 50/50 хувь эзэмших /Дэлхийд ийм цор ганцхан л жишээ байдаг/
  • Төр 100 хувь эзэмших

Манай улсын томъёолсон 34/51 хувь чухам яаж яваад гараад ирснийг мэдэхгүй. 100 долларын ашиг хүртвэл 34 хувийн ашгийг нь тухай улсын төр авах гээд байгаа юм. Тэгвэл 100 долларын алдагдал хүлээвэл  яах вэ? Гэдэг асуултыг мөн дагуулж байгаа. Байгалийн  баялаг, уул уурхай чинь үргэлж нэмэхтэй байдаг зүйл шүү дээ.Алтангэрэл сайдын хэлсэн Ухаа худагийн лицензийг Энержи ресурст олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг мэдээллийг үзсэн. Хууль оруулж ирнэ гэж байсан ч одоог хүртэл оруулж ирээгүй байна. Тухайн үеийн буюу С.Баярын Засгийн газар 2007-2009 онд ажиллахдаа хоёр том төслийг хөдөлгөсөн. Нэг нь Оюу толгой. Нөгөө нь Тавантолгойн бүлэг ордын асуудал. Өнөөдрийн хуулиар 18 жилийн өмнөх үйл явдлыг шүүнэ гэвэл хуулийн үндсэн зарчим гэдэг зүйл алдагдана. 2007 онд хувийн хэвшилд 100 хувь байсан зүйлийг өнөөдрийн хуулиар шийднэ гэвэл төр 50 хувь л авч, хувийн хэвшил 50 хувиа авч үлдэх ёстой. Гэтэл тухайн үед 4 хувийг хувийн хэвшилд үлдээгээд, 96 хувийг төр авсан ш дээ. Тэгэхээр өнөөдрийн хуулиар 46 хувийг дахиад хувийн хэвшилд буцаан өгөх ёстой болно. Тэгэхээр хувийн хэвшилд буцааж 46 хувийг нь өгөөд тэндээс нь хэн нэгэн эрх ашигтай хүн хувь авах гээд байгаа юм биш үү гэдэг хардлага бас төрөөд байна.Сайд нь тухайн үед хийсэн гэрээ байхгүй байна гэсэн. Гэрээ нь байхгүй зүйл дээр дүгнэлт хийгээд УИХ-ын тогтоол гаргахаар өргөн барина гэдэг нь өөрөө УИХ-д тогтоол өргөн барих бүрдэл байхгүй гэсэн үг гэж NTV телевизийн “Анализ шоу-засаглал ба зах зээл” нэвтрүүлгээр хэлсэн юм.

УИХ-ын дарга асан З.Энхболд: Хулгайн замаар авсан Лицензээр Ухаа худагийн уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зогсоож, лицензээ хууль ёсны эзэн “Эрдэнэс Таван толгой” ХК буцааж авах ёстой. Оюутолгойн газрын гүнд 1-2 кмын дор байгаа баялгийг Монгол улс мэдээгүй шүү дээ. “Рио Тинто” тэр баялгийг өөрөө олсон учраас Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол улсад хувь өгөхгүйгээр ашиглах эрхтэй. Хар элгийн Рио Тинто сайн дураараа 34 хувийг үнэгүй Монголын Засгийн газарт шилжүүлж өгсөн. Харин ухаа худаг бол Монголын засгийн газар мөнгөө зараад олсон баялаг. Гэтэл тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга Жаргалсайхан хувьдаа хууль зөрчин авсныг 1999 оны Засгийн газраас эхлээд  2008 оны Санжийн Баярын Засгийн газар хүртэлх бүх Засгийн газар залруулахыг оролдоогүй гэсэн юм.

Чухам яагаад үүднээс эдгээр 39 ордыг өнгөрсөн хугацаанд Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ордод бүртгээгүй вэ? Шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдэд чухам ямар ашиг сонирхол байв. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хууль бусаар авсан, гадагшаа зарсан эдгээр ордуудаа эргүүлэн авч, ард иргэддээ өгөх эсэхийг харах л үлдлээ.

  Хэрэв Стартегийн ая холбогдол бүхий ордыг 55 болгон нэмэгдүүлж чадвал Монгол улсын нутаг дэвсгэр дор буй байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш болж, нийт иргэдэд үр өгөөжөө өгөх юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна