Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай гэж оношлогдон, Герман Улсад эмчилгээ хийлгэж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл түүний эмчилгээний зардал, сэтгэлд нь дэм болох үүднээс "Монголоороо гоёдог" хандивын тоглолтыг зохион байгуулж, ард түмэн халуун сэтгэлээ дэвсэж хандивын аянд нэгдсэн юм. Тэрбээр өнөөдөр 70 гаруй хоног үргэлжилсэн хавдарын эмчилгээ нь дууссан талаар ийн бичжээ.
ИХ БАЯР ДОГДЛОЛОО ДУУЛГАЯ
Гүрбазар нь ХБНГ Улсын Франкфурт хотын Нордфест хавдар судлалын төвд 70 гаруй хоног эмчлүүлээд эрүүл эсэн болохын их үзүүрээс атгаад өндийлөө. Босоод ирлээ.
Мэдээж элэгний хорт хавдар гэдэг өргөс авах лугаа үтэр илааршихгүй нь үнэн болохоор цаашдаа эмнэлэгийнхээ хяналтанд жил орчим явна.
Гурван удаагийн шаталсан эмчилгээнүүд хийлгэлээ. Эмчилгээний явцыг энд нурших нь зохисгүй. Ямартай ч буцаж төрсөн мэт цоо шинэ омогшлоор урагш алхах цаг хугацаа намайг тосож байна.
Төр түмэндээ залбирая. Хүндхэн ирж байсан өдрөө өнөөдөртэй харьцуулахад самсаа борхирохоос өөр аргагүй нь үнэнийг өгүүлэхэд эмчилгээнийхээ хажуугаар “Намайг эдгээсэй гэж залбирч байгаа түмэндээ заавал өндийж очино доо” гэсэн сэтгэл минь намайг босголоо.
Төр түмэн минь гэж сүслэх тань
Тарни юм байна шүү.
Түүнээс гадна энэ 70 гаруй хоногт зүйлийн л юм бодогдсоон.
Түүнээ цоохор тэмдэглэл, шадалсан бодрол маягаар тэмдэглэж, миний 40 жил үерхсэн МУГЗ Доржхандын Төрмөнх найздаа, мөн 8 жил миний тэрлэсэн болгоныг шивж хадгалдаг Б.Энхээ дүүдээ явуулж байлаа.
Гэтэл Төрмөнх “Үүнээ тэмдэглэл бодролын ном болгочих хүмүүст хэрэгтэй” гэснээр “Нулимс унахаа нүднээс асуухгүй” хэмээсэн ном болгож байгаа Төрөө маань. Одоо бодоход зөв ч байхаа.
Өөрийн амьдралд тохиосон бараг гурван сар орчимын сэтгэлийн тэмдэглэлээ олон түмэндээ дэлгэх минь миний их дотносол гэж бодлоо.
Та бүхний надад өргөсөн сэтгэл тань
Татаад босгосон тэнгэр байлаа
Нарны саам амсахын
Заяаг минь уртасгасан
Насан туршийн сэтгэлд тань сүслэе.
Шагдарсүрэнгийн Гүрбазар
2025.04.08
Сэтгэгдэл (2)