Эрчим хүчний реформын үндэсний хорооны ээлжит хурал боллоо
Тус хурлаар дараах асуудлыг танилцуулж, хэлэлцэв.
-Эрчим хүчний салбарын засаглал, бүтцийн шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай
-Эрчим хүчний салбарт хийх шинэчлэлийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний эрчим хүчний ухаалаг системийг хөгжүүлэх, цахилгааны хангах үйл ажиллагааг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээг хэмжүүржүүлэх арга хэмжээний талаар
-Эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтөөс бий болсон нэмэлт орлого, түүний хуваарилалт, зарцуулалтын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны тайлан, мэдээлэлтэй танилцав.
Хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
• Эрчим хүчний салбарын засаглал, бүтцийг сайжруулах асуудлыг Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн бүтээмжийн реформ болон холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийн саналтай уялдуулан нарийвчлан судлах, шинэчлэлийн талаар хийх арга хэмжээний саналаа нэгтгэж дараагийн хурлаар хэлэлцүүлэх, энэ хүрээнд салбарын яам, оролцогч талуудын уялдааг хангаж Үндэсний хорооны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тогтлоо.
• Эрчим хүчний нэгдсэн систем, хэрэглэгчийг холбосон ухаалаг тоолуурын нэгдсэн системийг бий болгох, үндэсний хэмжээний цахим платформыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын судалгаа хийж, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулахыг Үндэсний хорооны ажлын алба болон салбарын байгууллагуудад даалгалаа.
• Үнэ тарифын нэмэгдлээс бий болсон орлого салбарын үйлдвэр компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлж, дэмжлэг болж байгаа талаарх бодит мэдээлэл, зөвлөгөөг нийтэд хүртээмжтэй хүргэх, зардлын бодит бус өсөлтийг хязгаарлахад онцгой анхаарч, технологийн засвар шинэчлэлд үр дүн гаргаж ажиллах чиглэл өгөв.
Мөн Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, зах зээл, либералчлалыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газрын тусгай эрхт элчин сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, хөрөнгө оруулалт, эрчим хүчний экспорт, мега төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах хүрээнд Засгийн газрын тусгай эрхт элчин сайдаар Ерөнхий сайд асан С.Батболд нар томилогдон, Эрчим хүчний реформын Үндэсний хороонд зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болсныг танилцууллаа.
Түүнчлэн Эрчим хүчний Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан, "Эдийн засгийн хөгжлийн төв”-ийн захирал Д.Зоригт нар шинээр орон ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна