12 настай байхдаа тархины хагалгаанд анх орж амь нас нь аврагдаж байсан П.Батчулуун эмч тэр цагаас хүний амь нас авардаг эмч болно хэмээн сэтгэл шулуудсан гэдэг. Гавьяатын найраараа амь насыг нь аварсан Ж.Хайрулла эмчийг, ээжтэйгээ хамт зэрэгцүүлэн суулгаж талархлаа илэрхийлж байсан тэрээр Ж.Хайрулла эмчээр нийт 10 удаа тархины мэс засал хийлгүүлж, амьд үлдсэн байдаг. Ингэж тэрээр амьд үлдэн тоост хорвоогийн өдрүүдийг өнгөрүүлэн явахдаа эмч болж олон зуун хүний амийг аварсан юм.
Гэвч өнөөдөр Монгол улсын шүүх түүнд 2,6 жилийн ял оноожээ. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх хагалгаанд тэр гар бие оролцоогүй ч эрхтэн шилжүүлэн суулгах төвийг удирдаж байсныхаа хувьд ингэж яллагдав. Энэ хэргээс болж олон залуу эмч нарын ир мохож, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоосоо цаарагладаг болсон тухай мэргэжил нэгт нөхөд нь бичсээр л. Өнөөдөр Монгол улсад 400 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хүлээж буй. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг дурын нэг эмч хийдэггүй нь мэдээж. Гэвч өнөөдөр Монголын төр мэргэжлийн, чадварлаг нэгэн эмчээ хадаастай торны ард цоожлон яллаж, донор хүлээж буй олон өвчтөн үхэх, сэхэхээ үл мэдэн хүлээсээр...
Сэтгэгдэл (3)