1929 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн тэрээр энэ жил 96 насыг зооглож буй. Хүүхэд ахуй наснаасаа ишиг, хурганы араас гүйж хурдан морь унаж өссөн тэрээр одоогийн МУБИС, хуучнаар Багшийн институтийн тоо, физизийн багшийн ангид суралцаж багш мэргэжлийг эзэмшсэн байна. Оюутан ахуй насандаа эрдэмд шамдан суралцахын сацуу сургуулийнхаа волейболын анхны шигшээ багт орж ахлагчаар томилогдсон тэр цагаас өнөөдрийг хүртэл волейболоо орхилгүй явна хэмээн буурай хуучилсан. Зүрх судас, даралт гээд ямар ч суурь өвчин байхгүй, энэ бол дасгал хөдөлгөөний л гавьяа гэж инээн ярих Гавьяат багш Д.Цэрэндолгор буурайтай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Сайн байна уу? Та сайхан шинэлсэн үү?
-Сайн, хүүхдүүд минь сайхан шинэлсэн үү?
-Та хэдэн онд хаана төрсөн бэ? Энэ жил хэдэн насыг зооглож байна.
-Би 1929 онд Ховд аймгийн Буянт суманд Должинхүү гэж хүний охин болж мэндэлсэн. 100 нас руу л дөхөж явна даа
-Таны энгэрт гавьяат багшийн одон гялалзаж байна.
-Тийм, миний аав ээж долоон хүүхдээ бүгдийг нь дээд сургуульд сургаж боловсролтой болгосон. Би Багшийн институтэд тоо, физикийн багшийн ангид суралцаж ХУД-ийн 10 дугаар дунд сургуульд насаараа багшилсан багш хүн. Өвгөн минь малын эмч байсан. Бид хоёр ч мөн хүүхдүүдээ бүгдийг нь гадаадад их, дээд сургуульд сургаж дээд боловсролтой болгосон. Оюутан байхдаа сургуулийнхаа волейболын шигшээ багт сонгогдож бүүр ахлагчаар нь томилогдож байсан. Олон тэмцээнд орж, түрүүлж медаль авсан. Өнөөдрийг хүртэл волейболоо өөрийнхөө хэмжээнд тоглож байна. Ер нь боловсрол, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа туршид чухалчилж ирсэн.
-Та хэдийн өндөр насыг зооглож буй ч хөл сайтай, бараг гүйж байгаа харагдаж байна. Одоо ч дасгал хөдөлгөөн байнга хийдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Өдөр болгон дасгал хийнэ. Өнгөрсөн жил Зайсан толгой руу гараад буучихдаг байсан. Энэ жил талд нь очоод буцсан. Ер нь аваад явах хүн олдвол зайсан толгой дээр гарах их дуртай. Зундаа зуслан дээрээ теннис тоглоно. Ойр хавын хүмүүс 100 дөхөж яваа хүн теннис тоглодог гэнэ гэсэн сургаар хүрээд ирдэг. Ихэнх нь намайг үнэн үгүйг нь мэдэх гэж, туршиж тоглоно. Би шартай юм чинь хожигдоно гэж юу байх вэ? /Инээв/. Амралт сувиллын газарт бүжиг танец эргүүлж, амрагчдынхаа дунд теннисний тэмцээн зохиох их дуртай. Оргил рашаан сувилалд их амардаг. Оргил рашаан сувиллын газрын хүндэт самбар дээр миний зураг байдаг. Теннисний тэмцээний аварга гээд. Намайг тоглохоор амрагчид их сонирхож ирнэ. 90 гарсан хүн теннис тоглож байна гэхээр төсөөлөгддөггүй юм шиг байгаа юм.
-Та одоо ч тоглосоор байна уу? Хамгийн сүүлд хэзээ тоглов.
-Хэдхэн сарын өмнө амралтын газар хорь гаруй насны залуутай тоглосон. Тэр залуу таны нүд тэгээд энэ бөмбөгийг хараад байгаа юм уу гэж асууж байна лээ. Би ч “чихээрээ мэдэрч тоглож байна аа” гэсэн чинь амралтын хүмүүс яасан айхтар хөгшин бэ гээд бөөн шуугиан болсон/Инээв/
-Та теннис тоглодог, бүжиглэдэг гэхээр хөнгөн шингэн, зүрх судас, бие тэнхээ сайн байгаагийн шинж шүү дээ. Танд хууч өвчин байна уу?
-Ямар ч хууч өвчин байхгүй. Зүрх хэвийн, даралт ихэслээ, багаслаа гэж хэлж үзээгүй. Энэ бол дасгал хөдөлгөөн, спортын гавьяа юм даа. Одоо харин чих жоохон хатуурах гээд байна. Цагаан сарын өмнө зүгээр байсан юм.
-96 жил ажиллаж байгаа чих шүү дээ, харин ч сайн байна шүү дээ.
-Тиймээ, тэгэлгүй яах вэ. Энэ зэргийн өвчин хэлэх нас болсон байхаа.
-Та хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг вэ?
-Хүн хөгширч биш, хөшиж үхдэг. Өөрийгөө хэзээ ч хаяж болохгүй. Нас явах тусам бүүр их хайрлаж, өөртөө анхаарах хэрэгтэй. Ээж шигээ спорт, урлаг хоёроор үргэлж хичээллэж, өөрийгөө хөглөөрэй л гэж захидаг даа. Урлаг, спорт хоёр бол хүнийг эрүүл байлгана гэж хэлдэг. Миний 6 хүүхэд бүгд урлаг, спортын авьяастай
-Та удахгүй 100 хүрэх нь
-Тийм ээ, би ч өөрийнхөө биеийг 100 насыг үзэх нь гэж тааж байгаа.
-Тэгэлгүй яах вэ, та их сайхан өтөлж явна. Бидэнд цаг гаргаж дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд ямар ач тустай тухай ярьж өгсөнд баярлалаа. Та минь зуу насалж зургаадай таяг тулаарай.
-Баярлалаа, Хүүхдүүддээ захиж хэлэхэд дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, боловсрол хамгийн чухал шүү. Өөрийгөө үргэлж хайрлаж яваарай.
Сэтгэгдэл (3)