Англи, Умард Ирландын зарим нутагт зургаан хоногийн турш үргэлжилсэн үймээний үеэр 400 орчим хүнийг баривчилсан гэж цагдаа нар мэдээлжээ. Даваа гаргийн орой Плимут хотод цагдаа нар өөр үзэл бодолтой эсэргүүцэгчдийг салгахыг оролдох үед халдлагад өртөж, Белфастад цагдаа нар руу шатахуун бүхий бөмбөг шидсэн бол Бирмингемийн зүүн хэсэгт цагдаа нар эмх замбараагүй байдалтай тулгарсан байна. Их Британид өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас олон арван цагдаа бэртэж гэмтэн, дэлгүүр, автомашин, байшин барилгууд эвдэрч сүйджээ. Өнгөрсөн даваа гарагт Саутпорт хотод хутгатай этгээдийн халдлагад гурван хүүхэд өртөн амиа алдсан хэрэг гарсны оройноос эхлэн дээр дурдсан нөхцөл байдал үүссэн бөгөөд сэжигтнийг лалын шашин шүтдэг орогнол хүсэгч байсан гэсэн цуурхал цахим ертөнцөд тархсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер үймээн самууныг “хэт барууны танхайрал” хэмээн буруушаагаад, хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хуулийг чангатгана гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Өчигдөр буюу халдлага болсноос хойш долоо хоногийн дараа Саутпортод амиа алдсан гурван охины дурсгалыг хүндэтгэхээр олон хүн цугларчээ. Зургаан настай Бэбэ Кинг, долоон настай Элси Дот Стэнкомб, есөн настай Алис Дасилва Агиар нар бүжгийн хичээлд сууж байхдаа халдлагад өртөн амиа алдсанаас гадна 10 хүн хүнд бэртэж гэмтжээ.
Бүжгийн хичээлийг явуулж байсан иогийн багш Лианн Лукасын үеэл Крис Риммер ВВС телевизэд мэдээлэл өгөхдөө, үймээн самууныг зогсоох ёстой гэж хэлсэн байна. Тэрбээр “Яагаад үймээн самуун дэгдээгээд байгаа юм бэ, энэ нь ямар ч тус болохгүй шүү дээ” гэж хэлээд, үймээн самуун дэгдээгчдэд хандан энэ үйлдлээ зогсоохыг уриалжээ. Харин эсрэгээрээ амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь ар гэрийнхэнд нь “хүч” өгч байгааг тэрбээр ярьсан байна.
Үймээн самуунтай холбогдуулан яллагдагчаар татагдсан эхний хүмүүс шүүх хуралд оролцсоны дараа Белфаст, Плимут, Бирмингем хотод даваа гарагт эмх замбараагүй байдал үүсжээ. Тухайлбал, Сандерланд хотын оршин суугч 43 настай Лианн Хожсон, 29 настай Жош Келлетт, 41 настай Эндрью Смит нар эмх замбараагүй байдал үүсгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдэнд ирэх сард ял онооно.
Үндэсний цагдаагийн газрын дарга нарын зөвлөлөөс мэдээлснээр, өнгөрсөн мягмар гарагт үймээн самуун дэгдэж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 378 хүнийг баривчилсан байна.
К.Стармер даваа гарагт мэдэгдэхдээ, цаашид үймээн самуун гарсан тохиолдолд цагдаагийн мэргэшсэн ажилтнуудын “байнгын арми”-ийг байршуулахад бэлэн байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна