ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг солих төлөвлөгөөтэй байгаа гэж Кремль мэдэгдлээ. Сергей Шойгу ЗХУ задарч, ОХУ байгуулагдсан цагаас хойш Оросын төрд зүтгэж байгаа хүн юм. Одоогийн албан тушаал буюу батлан хамгаалахын сайдаар 2012 оноос хойш томилогдон ажиллаж ирсэн. Сергей Шойгуг урьд нь шадар сайд хийж байсан эдийн засагч Андрей Белоусов орлон гэж орон нутгийн болон Оросын хэвлэлүүд бичжээ. Харин Сергей Шойгуг Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилно гэж засгийн газрын баримт бичигт дурджээ.
Сергей Шойгу нь 1991 оноос хойш ОХУ-ын төрд олон өндөр дээд албан тушаалыг хашиж байна. Украины дайн эхэлснээс хойш мөн л олон шийдвэрлэх үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгчтэй зэрэгцэхүйц байр суурьтай байж ирсэн. Одоо түүний үргэлжлүүлэн хаших албан тушаал нь ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевийн ажлыг хүлээн авч гүйцэтгэх юм байна. Энэ албан тушаал нь батлан хамгаалахын сайдтай нь ижил өндөр ач холбогдолтой, хүчирхэг эрх мэдлийг атгадаг албан тушаал гэж хэвлэлүүд бичжээ. Харин халаагаа өгч байгаа Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев одоогоор ямар албанд томилогдох нь тодорхойгүй байна.
Сергей Шойгу нь улс төрд нөлөө бүхий хүнээс гадна ерөнхийлөгч Путинтай нэлээд ойр дотны нөхөрсөг харилцаатай гэж яригддаг. Тэрээр 2012 онд батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө цэрэг армийн ямар нэг туршлагагүй байсан тул энэ албанд томилогдсоноосоо хойш зарим төрийн зөвлөлийн томоохон албан тушаалтнуудын шүүмжлэлд өртөж байсан юм. Шойгу нь угтаа инженер мэргэжилтэй хүн юм байна. 1991 онд тэрээр ОХУ-ын Онцгой байдлын сайдын албан тушаалд томилогдож, 2012 он хүртэл ажилласан. Энэ хугацаандаа Оросын Эв нэгдэл намын дарга, Оросын шадар сайд, Нэгдсэн Орос намын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан байна. Шойгуг өөр албанд тохоон томилж байгаа явдал бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украин руу 2022 оны 2-р сард явуулсан довтолгооноосоо хойш гаргаж байгаа цэрэг батлан хамгаалах салбарын удирдлагатай холбоотой хамгийн том солионы шийдвэр байлаа гэж Ройтерс агентлаг бичжээ.
Одоо дайнтай байгаа Орос улсын эдийн засгийн ихээхэн хэсэг нь цэрэг дайны төсөвт зарцуулагдаж байгаа учраас Батлан хамгаалахын сайдаар эдийн засагч хүнийг тохоон томилсон нь зүйтэй гэж ерөнхийлөгч үзэж байгаа талаар мөн дурджээ. Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг авах Андрей Белоусов нь мөн л ерөнхийлөгч Путинтай нэлээд ойр харилцаатайгаар нь хүмүүс сайн мэддэг. Белоусовын хамтаар илүү хүчирхэг улс байгуулах алсын хараа байна гэдгийг Кремлийн хэвлэлийнхэн мэдээлж байна. Белоусов нь урьд нь мөн ерөнхийлөгчийн дэргэдэх технологийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байсан, цаашид технологи, инновацын чиглэлд өргөн зургаар хамтарч ажиллах сонирхолтой хүн гэж Ройтерс бичжээ. Андрей Белоусов нь Оросын дроны салбар хөгжилд чухал хувь нэмрээ оруулж байгаа хүн юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна