| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн. Харин эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 11 гишүүний 9 нь дэмжсэн юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар гишүүд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэснийг Сонгуулийн хуулиас хасах байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Ингэснээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн бол УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар болжээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.