| | USD/MNT 0₮

ХУЛГАЙГААР АВТОМАШИН АЧДАГ АЧИЛТЫН КОМПАНИЙНХАНД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, ГЭРЭЭГ НЬ ЦУЦАЛНА

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, хотын даргын орлогч Б.Отгонсүх өнөөдөр автомашин ачилтын компаниудын удирдлагуудтай уулзаж хатуу сануулга, үүрэг даалгавар өглөө.

Автомашин ачилтын 15 компани ажилладаг бөгөөд зогсоолд тавьсан мөн эмнэлгийн гаднаас машин ачдаг, ачиж явахдаа хүний эд хөрөнгөд гамтай хандаагүйгээс болж сэвтүүлдэг, хүний машин мөргөөд зугтаадаг, ачилтын машины жолооч нар харилцааны соёлгүй гэсэн иргэдийн гомдол өдөр бүр ирдэг байна.

Энэ талаар Б.Отгонсүх дарга ярихдаа “Сүүлийн үед иргэдээс энэ ачилтын жолооч нартай холбоотой гомдол их ирж байна. Та нар хүний машин ачж явахдаа эвдэлж гэмтээдэг, тээвэрлэж явж байгаад хүний машин мөргөчихөөд зугтаадаг. Үүн дээрээ яах ёстой юм бэ.

Хоёр сарын өмнө зогсоол дээр машиныг нь ачаад явчихсан байсан. Эзэн нь хэл ам хийж байж ачилтын мөнгөө буцааж авсан шүү дээ. Яагаад сэтгэлгүй ажилладаг юм бэ.

ААН-үүдэд төлөвлөгөө гаргаж ажиллах үүрэг даалгавар өгсөн. Авто замын компаниудтай хийсэн гэрээ яасан бэ. Удирдлагууд нь ачилтын машин барьдаг жолооч нартаа сургалт сайн явуул. Гурван удаа зарлан дуудаад эзэн нь  гарч ирээгүй бол тээврийн цагдаатай хамтарч ачих ёстой. Гэтэл хулгайч юм шиг үг дуугүй, яаруу сандруу очиж ачиж явж болохгүй биз дээ. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг өөрсдөө барагдуул.

Алдаа дутагдлаа засч залруул. Хохирол учруулбал хохирлыг нь 100 хувь барагдуулах ёстой юм шүү. Мөн ибаримт олгогдох ёстой. Үүнийгээ хэрэгжүүл.

Ялангуяа эмнэлгийн гаднаас машин ачих ёсгүй. Эзэн нь гарч ирчихээд байхад машиныг нь ачаад зугтаадаг. Гудамж тойрчихоод бэхэлгээгээ хийдэг.  Эмзэг газар нь хаана байна гэж хайж байгаад эмнэлгийн гаднаас ачдаг. Та нарын аав ээж, ах дүү өвдөөд яаралтай эмнэлэг бараадахдаа машинаа хаана ч тавьж болно. Гол нь дүрэм зөрчсөн, гарц хаасан, хашлага даваад зогссон машин байвал ачиж болно. Хамгийн гол нь мэдрэмжтэй ачиж явахдаа хүний үнэтэй эд зүйлсийг сэвтээж гэмтээхгүй гэсэн сэтгэлээр хандаж ажиллахыг хүсч байна.

Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирэх долоо хоногт 15 компанийг стандартад нийцсэн үү, жолооч нартаа сургалт явуулсан уу, гражид нь камер байгаа эсэхэд ажлын хэсэг гаргаад газар дээр нь явж ажиллана, шалгана шүү.

Өөрөөр хэлбэл, та нар дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж байгаа эсэхийг шалгана, шаардлагад нийцэхгүй бол гэрээг нь цуцлах хатуу үүргийг өгч байна.

Бид дүрэм журмынхаа хүрээнд ажиллах ёстой шүү. Иргэнд нь эргээд мэдэгддэг байх гар утсанд нь мессэж илгээж байж ачдаг баймаар юм байна.  Иргэдэд үйлчлэхдээ дүрэм журмаа баримталж соёлтой үйлчлэхийг хатуу анхааруулж байна” гэлээ.

Ийнхүү автомашин ачилтын компаниуд Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний газартай нягт уялдаатай хэрхэн яаж ажиллаж байгаа талаар, мөн хяналт шалгалтыг сайжруулах, Тээврийн цагдаатай хамтран ажиллаж, гэнэтийн болон төлөвлөгөөт шалгалтыг ирэх долоо хоногт хийхээр боллоо.

ААН-үүдийн төлөөллүүд компаниуд дээр хариуцлага тооцохоос илүү зөрчил гаргасан машин дээр нь хариуцлага тооцож, бүр ачилт хийлгэхгүй хасдаг байя гэсэн байр суурийг илэрхийлэв.  Мөн өдөрт гомдол санал байнга ирдэг. Иргэдийн ирсэн гомдлыг барагдуулах ажлыг цаг тухайд нь хийдэг гэв.

 

Автомашин ачилтын 15 компани ажилладаг бөгөөд зогсоолд тавьсан мөн эмнэлгийн гаднаас машин ачдаг, ачиж явахдаа хүний эд хөрөнгөд гамтай хандаагүйгээс болж сэвтүүлдэг, хүний машин мөргөөд зугтаадаг, ачилтын машины жолооч нар харилцааны соёлгүй гэсэн иргэдийн гомдол өдөр бүр ирдэг байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.