| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй. Уг асуудалтай холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй саналуудыг оруулж ирэн, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Авлигын гэмт хэрэгт холбогдсон иргэнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг тавьж байна. Одоогийн Эрүүгийн хуулиар ялтай, ялгүй байх ойлголт байхгүй болсон.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, түүнээс болж холбогдон ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшихийг хориглох ёстой. Энэ бол Үндсэн хууль зөрчөөгүй асуудал. Эрх эдэлж байгаа хүмүүс үүргээ биелүүлэх ёстой. Нэр дэвшигч өргүй байх ёстой. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой.
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор маш олон хүн ял завшиж байгаа. Жишээлбэл, Жастын Ш.Батхүү, Д.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл, Г.Дэнзэн, Д.Дорлигжав, Н.Золжаргал, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гээд олон хүн бий. Хөөн хэлэлцэг хугацаатай холбоотой асуудлыг нэн яаралтай засна. Хөөн хэлэлцэх хугацааны тоолуурыг 2017 оноос эхлэн тоолох саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга санаачлаад явж байгаа. Энэ хүмүүсийг зөвхөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан. Зарим хүн энэ заалтыг надаас болоод оруулж ирэх гэж байна гэх утгатай зүйлс яриад байгаа. Энэ заалтыг хэн нэгэн хүнд зориулаагүй. Бүр өмнө нь ч энэ төрлийн хэргээр ял шийтгүүлсэн олон хүн байгаа. Нэг хүнээс айгаад энэ заалтыг оруулах гэж байгаа юм биш. Энэ бол зарчмын асуудал.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дундаж зардлыг цаанаас нь тогтоогоод өгнө. Томсгосон тойрог бол ЖДҮ-чид, 60 тэрбумынхан баярлаж байгаа байх л даа. Харин мань мэт шиг хүмүүст хэцүү. 70-80 мянган хуудас тараана гэдэг хэцүү. Х.Нямбаатар аа чамд зориулж энэ үгийг хэлж байгаа юм. Чи хоёр байшин босгосон хүн шүү дээ. Эрүүгийн хуулинд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг ойлголт байдаг шиг сонгуульд зарцуулж буй төсвөө тайлагнадаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгөгүй нь мөнгөтэй рүүгээ яваад, томсгосон тойрог зөвхөн мөнгөтэй хүмүүст ашигтай болж хувирах нь. “Би энд нэр дэвшиж байна” гэдэг ганцхан өгүүлбэртэй ухуулах хуудсыг 1000 төгрөгөөр хэвлүүлээд 70 мянган хүнд тараавал аймшигтай их тоо гарна. Ухуулах хуудас тараах чинь бүх хүнд хүрч чадахгүй. Сонин хэвлэл дээр сурталчилгааны материал гаргах зардлын нэгдсэн тайланг гаргуулдаг баймаар байна. Битгий ах дүүгээрээ бөөрөөлхөөд байгаарай Х.Нямбаатар аа.
Үүний дараа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээс тогтоогдсон бол сонгуульд нэр дэвшихийг хориглосон заалтыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Авлига авсан нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох заалт дэмжигдлээ