| | USD/MNT 0₮

М.Батбаяр: Ардын хувьсгалын 100 жилийн ойг наадмаас салгаж ойлгох хэрэгтэй. 10 тэрбумаар баяр тэмдэглэнэ гэдэг холбоо үгээ болихыг хүсэж байна

Өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү: "Үндэсний их баяр наадам хуулийн дагуу жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулагддаг. Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна.

Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг. Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна” гэлээ.

Мөн 10 тэрбумын төсөв нь дан ганц наадмын зардал биш. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зарцуулах мөнгө өнгөрсөн жил баталсан. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш гэдгийг тэрээр онцоллоо.

Соёлын дэд сайд М.Батбаяр: “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө 2020 оны наймдугаар сард батлагдсан. Түүнчлэн бүтэн жил нийт 23 байгууллага хамтран оролцох, 45 арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэн батлахад 10 тэрбум гэсэн төсвийн төсөөллийг баталсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнээс хэмнэгдэх зардлыг эрүүл мэндийн арга хэмжээ рүү шилжүүлье гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Энэ асуудал төсвийн тодотголоор шийдэгдэнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ой буюу нэгдсэн хөтөлбөрөөр хэрэгжих арга хэмжээг Үндэсний их баяр наадмаас салгаж ойлгохыг хүсэж байна. Баяр наадмыг 10 тэрбумаар тэмдэглэнэ гэдэг холбоо үгээ өнөөдрөөс болихыг хүсэж байна” гэв.

Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл: "Цахим наадамд 350 орчим хүн оролцоно. Цар тахал үнэхээр хүнд байгаа. Энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхээс өөр болж, давтагдахгүй. Үүнийг бид Б.Баатар найруулагчаас шаардаж байгаа. Уран бүтээлийн продюсерын багууд бүгд хянадаг.

Энэ жил нарны домог гэдэг концепцыг барьж байгаа. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол. Таван багц сум нэгдвэл хүчтэй, бие биенээ хүндэтгэх хайрлах талаар гардаг. Дэлхий тэр чигээрээ цар тахалд нэрвэгдсэн учраас дэлхийд манай контент цацагдаж, Монголын ард түмэн бидний сэтгэл санааг өргөх юм хийж гэсэн цар хүрээнд наадмыг зохион байгуулна. Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалт 600 сая байсан. Энэ жилийнх 850 сая. Наадам зохион байгуулах газарт өдөр бүр ариутгал хийх зардал, уран бүтээлчдийн дархлааг унагахгүйн тулд чанартай хоол, эм бэлдмэл хэрэглэж байгаа. Тайз засахын тулд төмрийн үнэ үнэд орсон зэрэг нь энэ зардал өсөхөд нөлөөлсөн. Богинохон хугацаанд ард түмэндээ гоё юм харуулъя гэж бодож байна. Ямар ч наадмыг шүүмжилдэг. Гэхдээ бид хийх ёстой. Энэ бол бидний үүрэг" гэв.

Өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр: “ Ардын хувьсгалын 100 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнээс хэмнэгдэх зардлыг эрүүл мэндийн арга хэмжээ рүү шилжүүлье гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Энэ асуудал төсвийн тодотголоор шийдэгдэнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ой буюу нэгдсэн хөтөлбөрөөр хэрэгжих арга хэмжээг Үндэсний их баяр наадмаас салгаж ойлгохыг хүсэж байна. Баяр наадмыг 10 тэрбумаар тэмдэглэнэ гэдэг холбоо үгээ өнөөдрөөс болихыг хүсэж байна” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.