| | USD/MNT 0₮

ХӨВСГӨЛИЙН “ОВООТ”-ЫН УУРХАЙГ УХАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭХ УЛСЫН ГАРЬД Ц.ЦЭРЭНПУНЦАГ СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛНЭ

Ирэх 2020 оны сонгуульд МАН-ын улстөрч бөхийн тоо нэгээр нэмэгдэх нь тодорхой болжээ. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг намын гишүүн болоод удаж буй. Зүлэг ногоон дэвжээгээ орхиж, нэг хэсэг гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байсан тэрбээр эртнээс улс төрд орох бэлтгэлээ базааж байжээ.

Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо ч олон нийтэд харуулсан. Харин түүний дараагийн нүүдэл нь улс төр ажээ.

Үндэсний бөхийн аварга Б.Бат-эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар шигээ УИХ-д сууна гээд мөрөөдөж явна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ойр ойрхон төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо залж, Завхан нутагт юм хийсээр байна.

Бас намын Бага хурлын гишүүн ч болоод амжсан нэгэн. Тэгэхээр улс төрд хүч үзэхэд нэг их саад тотгор байхгүй болов уу.

Тэгэхээр 2020 оны сонгуулиар Завхан нутгаас УИХ-д нэр дэвшинэ гээд зүтгэх хүн нь Ц.Цэрэнпунцаг гарьд болж байна.

Улстөрч бөхийн тоог УИХ-д нэмэх эсэхийг сонгогчид мэднэ. Гэхдээ үндэсний бөх улс төр хоёрын хоршлыг олон нийт таатай хүлээж авдаггүй. Улс төрд гарсан ах нар нь албан тушаалд очоод тийм ч сайнаар яригддаггүй.

Ер нь бөх нь бөхөө улстөрч нь улс төрөө хийгээд л явбал барах газар бөхчүүд яах гэж УИХ руу улайран зүтгээд байдаг нь бас л сонин үзэгдэл. УИХ бол хууль баталдаг байгууллага болохоос бэлгэ тэмдэг болж, сандал суудал бөглөж суухын нэр биш билээ. МАН-аас нэр дэвших өчнөөн боловсон хүчин бий. Гэтэл урлаг, соёлын одод, үндэсний спортын цолтнуудаар цацаг чимгээ хийж нэр дэвшүүлж, улс төрд зодоглуулаад байгаа нь таалагдахгүй байгаа юм.

Түүнээс гадна Ц.Цэрэнпунцагтай холбоотой нэгэн саар мэдээлэл өчигдрөөс эхэлж олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэллээ.

Тодруулбал, 100 сая ам.долларын зээл авч Ц.Цэрэнпунцаг гарьд Хөвсгөл нутгийг ухахаар 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хятадын “Sinosteel” групптэй гэрээ байгуулжээ. Хөвсгөлийн ордод эзэн суусан “Аспайр майнинг” компанийн 51 хувийг 33.5 сая  ам.доллар төлж авсан Улсын гарьд цолтой Ц.Цэрэнпунцаг Хөвсгөлийн Овоотын уурхайг ийнхүү ухахаар 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд 2020 оны тавдугаар сард дуусгах тухай дурьджээ гэж эх сурвалж мэдээлсэн байв.

Тэгвэл энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж батлахаар Ц.Цэрэнпунцагтай холбогдох гэсэн боловч тэрбээр Монголд байхгүй АНУ-руу ажлаар явсан байгаа гэв.

Харин түүний үүсгэн байгуулсан “Огторгуйн цагаан гарьд” санг удирддаг эх сурвалжаас дээрх мэдээллийг тодруулахад “Худлаа мэдээлэл байна. Цэрэнпунцаг гарьд төрсөн нутагтаа их зүйл хийж байгаа. Гэтэл тэр ажлыг нь зориудаар харлуулахаар ийм мэдээллийг Ардчилсан намаас тарааж байгаа юм. Түүний хувьд ирэх сонгуульд нэр дэвшинэ. Одоогоор гарьд өөрөө эзгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Ц.Цэрэнпунцагийн хувьд “Огторгуйн цагаан гарьд” сангийнхаа хөрөнгөөр Завхан аймгийнхаа сумдуудад бүтээн байгуулалтын ажил хийж өрнүүлж байгаа аж.

Тухайлбал, Эрдэнэхайрхан суманд иж бүрэн гэрэлтүүлэг хийж орон нутагт нь хүлээлгэн өгчээ. 2020 онд тус сан бүх сумдыг гэрэл гэгээтэй болгох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж. Ийнхүү ирэх сонгуульд хүч үзэхээр өөрийн хөрөнгө мөнгөөрөө сум орон нутагт ажиллаж байна. Гэхдээ түүнийг их хуралд гаргах эсэх сонгогчдын эрх юм.

 

100 сая ам.долларын зээл авч Ц.Цэрэнпунцаг гарьд Хөвсгөл нутгийг ухахаар 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хятадын “Sinosteel” групптэй гэрээ байгуулжээ. Хөвсгөлийн ордод эзэн суусан “Аспайр майнинг” компанийн 51 хувийг 33.5 сая ам.доллар төлж авсан Улсын гарьд цолтой Ц.Цэрэнпунцаг Хөвсгөлийн Овоотын уурхайг ийнхүү ухахаар 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд 2020 оны тавдугаар сард дуусгах тухай дурьджээ гэж эх сурвалж мэдээлсэн байв.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.