| | USD/MNT 0₮

АТГ:Албан тушаалтнууд үндсэн ажлаас гадуур цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгалаа.

Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хязгаарлалт  болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажиллаж эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогдов.  

Шалгалтын эхний ээлжинд дараах зөрчил илрээд байна. Үүнд:

  • Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадуур 960 мянган төгрөгийн урамшуулал хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
  • Албан тушаалтан С нь үндсэн ажлын хажуугаар хуулийн этгээдийн нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлж байжээ.
  • Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан тушаалтан Б-д 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байсан.
  • Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадна хувийн компаниас 9.4 сая төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
  • Албан тушаалтан М нь аж ахуйн нэгж болон төрийн өмчит үйлдвэрийн газраас нийт 11.2 сая төгрөгийн цалин, урамшуулал авч, нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлсэн байна.

Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар харъяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүллээ.

Хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил эрхлэх, Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аяллын зэргээр  давхар ажил эрхэлж болно. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болохоор зохицуулж өгсөн.

Ийм атал төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид байгууллагын хэмжээнд үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх, энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх,  цалин олголт, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт болон санхүү бүртгэл хяналтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр АТГ-аас албан бичиг хүргүүллээ. 

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийг хянан шалгах ажлаа үргэлжлүүлж байна.  

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.