| | USD/MNT 0₮

Монгол, БНСУ-ын бизнес форумыг зохион байгуулснаар чадавхижсан төслүүдэд ОУ-аас хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлнэ

Энэ удаа бид Үндэсний хөгжлийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг чадавхижуулж, олон улсаас хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Invest in Mongolia-Seoul 2021" МОНГОЛ- СОЛОНГОСЫН БИЗНЕС форумыг зохион байгуулж буй Үндэсний хөгжлийн газрын Дэд дарга Б.Булганчимэгтэй ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе, Үндэсний хөгжлийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад ямар шинэчлэлүүдийг хийж ажиллаж байна вэ?

Сайн байна уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний хөгжлийн газар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого болон сурталчилгааг хариуцдаг чиг үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм.  Бид шинэлэг сурталчилгааны арга барилаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах үүрэг хүлээгээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд нэмүү өртөг шингээсэн, тохирсон үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын цогц шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд нэмэлт, өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, цар тахлын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан цахимжилт, төрийн болон бусад байгууллагуудтай хамтарсан хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээний хялбаршуулалт зэрэг ажлуудыг багтаан ажиллаж байна.  

Энэ удаагийн зохион байгуулж буй "Invest in Mongolia - Seoul 2021" МОНГОЛ-СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМ-ын талаар та бидэнд танилцуулна уу?

Бидний зохион байгуулж буй энэхүү форум нь цогц шинэчлэлийг нэвтрүүлснээс хойш хийгдэж буй хоёр дахь бизнес форум юм. Энэ нь Солонгос, Монголын хувийн хэвшлийн удирдлагууд, бизнесийн төлөөллүүд цугларч, Монгол улсын зах зээлд шинээр гарч ирж буй бизнес эрхлэгчид цугларсан ажил хэрэгч арга хэмжээ болно. Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн боломжит төслүүдийг танилцуулах явдал юм.   Мөн уул уурхайн бус салбар, хөдөө аж ахуй, хөнгөн, хүнд үйлдвэр, эрүүл мэнд, аялал жуулчлал, бүтээлч аж үйлдвэрлэл /инноваци/, мэдээлэл технологи, технологийн салбарын төслүүдийг сурталчилна.

Тус форумд ямар ямар байгууллагууд оролцож байна вэ?

Цар тахлын улмаас олон улсад худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал буурсан ч Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийнхээ хүрээнд Дэлхийн банк группийн Олон Улсын Санхүүгийн корпораци, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай  хамтран тус форумыг  2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.

Тус форум өмнө нь зохион байгуулагдаж байсан форумаас ямар давуу тал онцлогтой болох вэ?

Эдийн засгийн хямралын өнөө үед бүхий л аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр, итгэлтэй хамтрагч түншээ олох нь зайлшгүй чухал зүйлсийн нэг болоод байна. Бизнесээ өргөжүүлэх, олон улсын тавцанд чанар, стандарт хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан хамтран ажиллахад гадаадын хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэдэг билээ. Иймд бид тодорхой төсөлтэй, гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, компани, start-up-уудад зориулж төслөө чадавхижуулж, сайжруулахад нь дэмжих, цаашилбал, хөрөнгө оруулагчтай нь холбож өгөх зорилгоор анх удаа “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг Үндэсний хөгжлийн газар, Irbis Ventures компанитай хамтран зохион байгуулсан. Бид хөтөлбөрт оролцож, давуу тал эдлэх төслүүдийг хоёр шатлалтайгаар сонгон шалгаруулж, сонгогдсон төслүүдийг тодорхой хугацаанд чадавхижуулан хөгжүүлж, зорилтот хөрөнгө оруулагчдад төслүүдийг танилцуулахад дэмжиж ажиллах хүрээнд энхий удаа “Invest in Tokyo” Монгол-Япон бизнес форумыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр маш амжилттай, өндөр зохион байгуулалтай ажилласан бол одоо энэ удаагын болох гэж буй форумдаа мөн чадавхижсан төслүүдийг хамруулан дахин бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаараа өмнөх жилүүдээс илүү онцлог болж байна.

Форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

Түрүүн дурьдсаны дагуу бид цогц шинэчлэлийн хүрээнд хийгдсэн анхны Японтой хамтарсан форум, төсөл чадавхижуулах хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж Японы талаас 340 гаруй, Монголын талаас 50 гаруй нийт 400 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн нь хэдий цар тахлын үе ч гэсэн хоёр талын сонирхол өндөр байгааг илэрхийлж байсан. Мөн энэ удаагийн форумаас дараах үр дүн гарна гэж хүлээж байна. 

  • Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашигийг хамгаалах, хууль эрх зүйн орчны цогц шинэчлэлийн талаар боломжит хөрөнгө оруулагчдад болон бизнес эрхлэгчдэд мэдээлэх;  
  • Хоёр орны цаашдын хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахад нь туслах, Солонгосын хөрөнгө оруулагчдын Монгол дахь сургамж, ололт амжилтын танилцуулга хийх;  
  • Хөрөнгө оруулалтыг эрэлхийлэн онилсон төслүүдээр дамжуулан Монгол Улсад шинэ нэмэгдэж буй салбаруудыг танилцуулах. /Нийт 4 төслийг 2 үе шаттайгаар сонгон шалгаруулсан болно/.
  • Зорилтот хөрөнгө оруулагч нарт чадавхижсан, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг танилцуулах болно.

 

Өөрийн үнэт цагаа гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье.

 

Үндэсний хөгжлийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг чадавхижуулж, олон улсаас хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Invest in Mongolia-Seoul 2021" МОНГОЛ- СОЛОНГОСЫН БИЗНЕС форумыг зургадугаар сарын 23-нд зохион байгуулна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.