| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн нүдээ олоогүй шагнал

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын шагналын хур дуусаагүй бололтой. Тодруулбал, өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн мөрдэс дээрх таван хошуу нэгээр нэмэгдэхээс гадна зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч тэргүүтэй нэлээд хэдэн хүн цэргийн дээд цол хүртэхээр хувцсаа бэлтгүүлж байгаа гэнэ.

Мөн Ардын, Гавьяат цолтон ч цөөнгүй гарах сурагтай.

Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн шагнал нүдээ олсон уу гэдэг нь шүүмжлэл дагуулж байна. Учир нь сүүлийн үед цэргүүд амиа алдсан тохиолдлууд цөөнгүй гарсан.

Энхийн цагт армид даргадаа зодуулж нас барсан цэргүүдийн гашуудлын нулимс хатаж амжаагүй, салбарынх нь сайд 100 жилийн ойгоо нүнжгэр тэмдэглэж, нэг тэрбум төгрөг зарлагадаж суугааг бид өмнө мэдээлсэн.

Үүгээр ч дутахгүй Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд хуулийг үл ойшоодог явдал байсаар байна. Түүнээс хамгийн энгийнийг нь дурдъя. Монгол Улсын зэвсэгт хүчний үндсэн бүрэлдэхүүн нь Хуурай замын цэрэг гэж хэлж болно. Тус командлалын захирагчаар бригадын генерал Б.Амгаланбаатар 2015 оны арваннэгдүгээр сараас өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д “Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно” гэж заасан. Тэгэхээр нэг албан тушаалд дээд тал нь таван жил ажиллах эрх зүйн орчин нь нээлттэй болсон гэсэн үг. Тэгвэл бригадын генерал Б.Амгаланбаатарын хувьд таван жил гаруйн хугацаанд Хуурай замын цэргийн командлагчаар ажиллаж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн явдал биш гэж үү.

Хуулийн дээрх заалт хэрэгжихгүй байгаа тохиолдол дээрх жишээгээр тогтохгүй. Батлан хамгаалах яаманд ч нэг бус бий. Зарим жишээг энд дурдъя. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийг улс орондоо төдийгүй тив, дэлхийд нэрийг нь дуурсгаж байдаг эд эс нь “Алдар” спорт хороо. Тус хорооноос олимп, дэлхий, тивийн медальтнууд олноороо төрсөн. Тэгвэл тус спорт хороог Монгол Улсын Гавьяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр 2011 оны аравдугаар сараас хойш удирдаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай нэг нутаг, Архангайнх гэдгээрээ энэ албан тушаалд суусаар буй гэж яамных нь албан тушаалтнууд ярилцдаг. Хурандаа Г.Өсөхбаярын өмнө “Алдар” спорт хороог Ардын багш, хурандаа О.Балжинням аварга бас л 10 гаруй жил удирдсан билээ. Тэрбээр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон учраас ийнхүү өөрчлөгдсөн түүхтэй. Харин өнөөг хүртэл “Алдар” спорт хорооны даргад Цэргийн албаны тухай хуулийн 19.6 дахь заалт үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай.

Мөн БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат, БХЯ-ны хэлтсийн дарга, хурандаа О.Нямчулуун гэх мэтээр газар, хэлтсийн даргаар ажиллаж буй офицеруудыг жагсаавал цөөнгүй хүний нэр хөврөх аж. ЗХЖШ-т ч нэг бус албан тушаалтан бий гэдгийг олон хүн баталж буй.

Ийм байхад тэд Ерөнхийлөгчөөс шагнал гардаж, мөрдөсийнхөө тоог нэмж, одон медалиар энгээ мялаалгах нь нүдээ олоогүй шагнал гэлтэй.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын шагналын хур дуусаагүй бололтой. Тодруулбал, өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн мөрдэс дээрх таван хошуу нэгээр нэмэгдэхээс гадна зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч тэргүүтэй нэлээд хэдэн хүн цэргийн дээд цол хүртэхээр хувцсаа бэлтгүүлж байгаа гэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.