| | USD/MNT 0₮

500 ЖИЛИЙН НАСТАЙ СУДАР ХУЛГАЙЛЖ БУСДАД ЗАРААД АШИГ ХОНЖОО ОЛСОН БАЙЖЭЭ

Эрүүгийн цагдан алба болон ХУД-ийн I, II хэлтсийн мөрдөн байцаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд бусдын амины орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл болон үнэт эдлэл хулгай хийдэг байсан хоёр сэжигтэн этгээдийг холбогдох эд мөрийн баримтын хамт илрүүлэн, дайчлан баривчилжээ.

Сэжигтэн этгээдүүд 2018, 2019 оны ес, аравдугаар сард нийтдээ 40 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хулгайлсан гэдгээ мэдүүлж, хэргээ хүлээгээд байгаа аж.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ “Сэжигтэн этгээдүүд өмнө нь хулгайн гэмт хэргээр олон удаа ял, шийтгэл эдэлж байсан 1987 онд төрсөн Б, 1991 онд төрсөн Ш нар болох нь тогтоогдсон. Дайчлан баривчилгааны үеэр эд мөрийн баримтаар алтан шармал бурхан есөн ширхэг, хэт хутга, мөнгөн ташуур, алт мөнгөн эдлэл, сефи хөөрөг, шүр, алт мөнгөн зоос, мөнгөн хүрд зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан. Хохирогчдыг тогтоох ажил дууссан, хулгайд алдсан эд зүйлсийг нь таниулах ажил явагдаж байгаа. Дээрх дөрвөн том бурхан нэг айлынх” гэх мэдээллийг өгөв. 

Сэжигтэн этгээдүүд Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн хауснууд руу нэвтэрч дээрх эд зүйлсийг хулгайлсан байна. Тэд хулгайлсан зүйлээ эвдэлж сүйтгэж, дахин хайлуулж бусдад зарахыг санаархаж байсан бололтой. Мөнгөн бурханыг бүгдийг нь үйлж жижиглэж хугалсан байжээ. Дээр дурьдсан 1987 он төрсөн этгээд өмнө нь дөрвөн удаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд 2009 онд хулгайн хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн хорих ял аваад 9 жил хоригдоод гарч ирээд ийнхүү удалгүй дахин хулгай хийгээд явжээ. 

Эд зүйлс буюу алтан шармал болон мөнгөн бурхнаа алдсан хохирогч нь нас барсан бөгөөд эд зүйлсийг нь ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 

Мөн цагдаагийн албан хаагчид 2019 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух Б-гийн гэрээс алдагдсан 500 жилийн өмнө есөн эрдэнээр урлаж хийсэн, хосгүй үнэт ангилалд багтах Банзрагч судрыг хулгайлж, эртний эд зүйлс зардаг хүмүүст зарсан хэргийг илрүүлжээ.

Уг хэргийг үйлдсэн Дундговь аймгийн иргэн И болон хулгайн эд зүйлсийг 15 сая төгрөгөөр худалдан авч цааш нь дамлан зарахыг завдсан М, М нарыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдсон М, М нар нь Төв гандангийн ойролцоо шашны холбогдолтой эртний эд зүйлсийг зардаг хүмүүс болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

 

Эрүүгийн цагдан алба болон ХУД-ийн I, II хэлтсийн мөрдөн байцаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг хоёр сэжигтэн этгээдийг холбогдох эд мөрийн баримтын хамт илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.