| | USD/MNT 0₮
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, МУИС-ийн урд талбайд 0.8 га, Улаанбаатар зочид буудлын цэцэрлэг, нийслэлийн төв талбайн хэсгийг тус тус таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Мөн "Найрамдал" зусланг улсын төсөвт байгууллага болголоо. Газар олголт хийгдсэн нэр бүхий байгууллага байгаа бөгөөд аж ахуйн нэгж бизнес эрхлэхийг дэмжих ч зарим газар олголтыг цэгцлэх үүргийг БХБ-ын сайдад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Найрамдал зуслангийн газар хавиар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, улсын өмч болгохоор болсон.
Гэтэл энэ газарт албан тушаалын байдлаа ашиглаж, газар олгосон гэх асуудал гарах болов.
Тодруулбал, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатангийн нэр дээр байдаг “Шинэ хужирт” ХХК-нд газар олгожээ. Тус компани рашаан сувилалын эмнэлэг барихаар 0,28 га газар авчээ. Гэхдээ энэ газрын зөвшөөрлийг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон байгаа юм.
Тэгэхээр Т.Пүрэвхатангийн нэр дээр байдаг “Шинэ хужирт” компанид нөхөр Б.Ууганбаяр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Гэвч Б.Ууганбаярын ХОМ дээр энэ компанийн нэр байдаггүй юм байна. Харин эхнэр Т.Пүрэвхатангийн нэр дээр бол олон компани байдаг нь улсын бүртгэл дээр тодорхой харагдана. Хэдий Б.Ууганбаяр даргын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй ч эхнэрийнхээ компанид нөлөөлсөн байж магадгүй юм.
Энэ компани нь 2019 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд ийнхүү “Найрамдал” зуслангийн зүүн хойд талд газар авсан байгаа юм.
Яагаад нийтэд эзэмшүүлэхгүй, барилга байгууламж бариулахгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан байхад Л.Оюун-Эрдэнэ дарга Ардчилсан намын гишүүн Т.Пүрэвхатаны компанид газар олгов гэдэг нь яах аргагүй анхаарал татна.
Т.Пүрэвхатан нь Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн бөгөөд улс төрд нөлөөлөл ихтэй хүн аж. Тиймээс ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутаг усаараа ийнхүү холбоо сэжимтэй байхыг үгүйсгэхгүй юм. Ямартаа улсын өмчид шилжсэн “Найрамдал” зуслангийн газарт “Шинэ хужирт” компани эмнэлэг сувилалын газар барихаар болсонд Л.Оюун-Эрдэнэ дарга ч тайлбар хийх ёстой болов уу.
Тэрбээр “Найрамдал”-ын газрыг хурааж аваад Ардчилсан намын Т.Пүрэвхатанд өгснөөр шинэ үеийн МАНАН-гийн бүлэглэлийн хүчийг харуулсан үйлдэл болов.
Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр эхнэр Т.Пүрэвхатандаа "Найрамдал" зусланд газар авч өгсөн үү.