| | USD/MNT 0₮
Нийслэлд хэрэгжүүлж буй оронд сууцны хороолол барих төсөл, хөтөлбөр, инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын танилцуулгыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хийлээ.
Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 897.4 мянган өрх байгаагаас 411.4 мянган өрх буюу нийт өрхийн 45.8 хувь нь нийслэлд амьдарч байна. Үүний 201.6 мянган өрх нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 209.8 мянган өрх буюу 50.9 хувь нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон уламжлалт гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн хэмжээнд амьдарч байгаа нийт 411.4 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй байгаагаас 5.5 хувь нь бусдын сууцанд түрээстэй, 4.4 хувь нь бусдын сууцанд түрээсгүй амьдарч байна. Мөн Монгол Улсын Статистикийн үндэсний хорооны мэдээллээр 2020 оны жилийн эцсийн байдлаар нийслэлд өрхийн дундаж орлого 1.6 сая төгрөг байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хүрээнд 100 000 айлын орон сууцыг нийслэлд барихаар төлөвлөсөн бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгийн байдлаар 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд 2021 оны байдлаар улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийт 8 орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслүүд хэрэгжсэнээр нийт 217.27 га талбайд 28,569 айлын орон сууцны цогцолбор хороолол баригдаж, 100,000 орчим иргэн тав тухтай инженерийн дэд бүтцэд холбогдсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Иргэдийн орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеээс 2.8 дахин их байна.
Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын /ЗБД/ сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж байна.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцод Хотыг бүс нутгийн зарчмаар хөгжүүлэх буюу төв дагуул хотуудын бүхэл бүтэн тогтолцоо хэлбэрээр төлөвлөн хөгжүүлэх, нөгөө талаар тодорхой хотын төвлөрлийг сааруулах үйл явцыг бүс нутгийн төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх шийдлийг гаргаж эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч Метрополитан хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан.
Дээрх бодлогын баримт бичгүүдэд Богдхан уулын урд талаар Мандал өртөө Багахангайг холбосон 170 км урт “Богдхан төмөр зам”-ыг замыг барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр тусгагдсан. Богдхан төмөр зам нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор дагуу байрлах тул түүнийг түшиглэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотод ачаа тээврийн нэгдсэн зангилаа төвийг байгуулна.
Харин Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замыг түшиглэн Богдхан уулыг тойрсон Шинэ Зуунмод /Аэросити/ хот-Сонгино 21 өртөө-Улаанбаатар хот-Хонхор-Майдар хот төсөл-Төв аймгийн Зуун мод хот зэрэг дагуул хот, тосгодыг холбосон “Хөгжлийн алтан тойрог” буюу нийтийн тээврийн сүлжээг байгуулна. Шинээр хийгдэх “Хөгжлийн алтан тойрог” төслийн нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцод Шинэ Зуунмод, Майдар шинэ хотуудыг Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан.
Одоогийн байдлаар Шинэ Зуунмод, Майдар шинэ хотууд нь засаг захиргааны нэгжийн харьяаллаар Төв аймгийн Сэргэлэн суманд хамрагдаж байна. Цаашид тус хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүднээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэст өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна.
Нийслэлд хэрэгжүүлж буй оронд сууцны хороолол барих төсөл, хөтөлбөр, инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын танилцуулгыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хийлээ.