| | USD/MNT 0₮

САЙН МЭДЭЭ:НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЭХГҮЙ

Шинэ он гараад буюу нэгдүгээр сарын 1-нээс эхэлж Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх болсныг ард түмэн эсэргүүцсэн билээ. Иргэний байгууллага болоод Үйлдвэрчний эвлэлээс татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж сануулах жагсаал цуглааныг хийж, Ерөнхийлөгчийг хориг тавихыг хүссэн юм.

Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй болжээ.

Сануулахад, Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэр 2017 онд гарсан. Түүнчлэн 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар нэмэгдүүлсэн.  Үлдсэн 2 хувийн нэмэгдэл 2020 оноос хэрэгжиж эхлэх хууль эрх зүйн орчин үйлчилж байсан юм.

Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг өчигдөр чуулганаар хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн олонх дэмжсэн байна.

Харин НДС-нд үүссэн 240 тэрбум төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан байгаа ажээ.

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.