| | USD/MNT 0₮
Арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Үүнд автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр багтаж байгаа. Харин автомашинтай жагсагчид уг шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 09-нөөс Сүхбаатарын талбай дээр жагсаал өрнүүлсэн. Эсэргүүцэлтэй холбогдуулан Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан хүлээн авч уулзсан.
Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны удирдлагаас надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж НИТХ-аар оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга, гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх шаардлагатай болно" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр НИТХ хуралдахаар болжээ. 14.00 цагаас эхлэх тус хурлаар хоёр асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх юм байна.
Автозам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолыг өөрчлөх асуудлаар НИТХ хуралдана