| | USD/MNT 0₮

Ц.Чинбаяр:Нэг хүнд өвчтнийг 35 хоног эмчлэхэд 85 сая төгрөг зарцуулсан байдаг

-Та бүхэн вакцин голж шилж, хүлээж байх хооронд цар тахал таныг хүлээхгүй шүү-

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр коронавирусийн нөхцөл байдал, ямар эмчилгээ хийж байгаа болон ямар хүмүүс хүндэрч биеийн байдал нь огцом муудаж нас бараад байна. Эмч, сувилагч эмнэлгийн ажилтнуудын ачаалал хэр байгаа талаар өчигдөр “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт оролцож дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Цар тахлын амаргүй энэ хүнд цаг үед ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнч байж, өвчнөөс шантарч буцахгүй халшрахгүй ажиллаж байгаа.Тасгийн эрхлэгч Ц.Чинбаярын хувьд Францын иргэн Анх-Отгоныг олон хоног эмчилж эдгээж байсан туршлагатай эмч юм. Ер нь гардан эмчилсэн өвчтнүүдийн хувьд Ц.Чинбаяр эмчийг ур чадвар сайн, ааш зан сайтай, тайван хүлээцтэй ажилдаа хариуцлагатай эмч хэмээн тодотгодог юм билээ. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Яг өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ердийн үетэй харьцуулахад ачаалал ихтэй байна. Ковид гарсан цагаас хойш нийт өвчтний тоо бол буураагүй. Нэмэгдэж байгаа. Гэхдээ эхний үед эмчлэгдэж байсан өвчтнүүдийн дотор хөнгөн хүмүүс их байсан. Одоо бол нэгэнт халдвар нийтийн дунд тархчихсан, өвчлөл нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хүнд болоод нэн хүнд тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа. Ийм учраас эмнэлгийн ачаалал өнгөрсөн жилтэй харьцуулахад хамаагүй их байна.

-Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн хүнд хэдэн хүн байна вэ. Яагаад хүнд хүмүүсийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдээд байна вэ?

-Хоёр хоногийн байдлаар 14-15 нэн хүнд хүн эмчлүүлж байна. Нийтийн дунд халдварын тархалт өндөр байгаа. Халдвар өндөр байх хэрээр эрсдэл бүлэг хүмүүсийн халдвар авах тоо нэмэгдэж байна.

-Коронавирусээр өвчлөх эрсдэлтэй хүмүүс гэж яг ямар хүнийг хэлээд байна вэ?

-Өндөр настангууд, ямар нэг эрхтэн тогтолцооны архаг өвчний сэдрэлтэй хүмүүс байна. Дээр нь хавсарсан нэг ба хоёр өвчтэй хүмүүс байна. Эсвэл хавдартай хүмүүс байна. Ийм хүмүүс халдварт өртөөд байгаа нь эмнэлзүйн хувьд нэн болон хүнд хэлбэрээр өвчлөөд байгаа юм.

-Монгол Улсад анх Франц улсын иргэнээс халдвар бүртгэгдсэн. Монголчууд тэр хүнд Анх-Отгон гэж нэр хайрласан. Таны хувьд тэр хүнийг гардан эмчилж эдгээсэн баг бүрэлдэхүүнийг удирдаж ажилласан хүн. Яг яаж эмчилсэн бэ. Түүнийг яагаад удаан хугацаанд эмчилсэн бэ?

-Анх-Отгон гэдэг хүнийг би эмчилсэн юм бишээ. Тэр хүнийг Монгол Улс эмчилсэн юм. Яагаад гэвэл ЭМЯ, Засгийн газар, онцгой, цэрэг цагдаа, Дорноговь аймгийн сумын эмчээс эхлээд бүх хүмүүсийн оролцоотой эмчилсэн юм. Энэ болгон дээр алдаа гаргахгүй, нэг ч монгол хүнд халдвар тараахгүй, гадаад улсын иргэний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангахын тулд Монгол Улс даяараа энэ хүнийг эмчилсэн. Энгийн ард түмэн хүртэл энэ хүнд их сайхан сэтгэлээр хандсан. Эхэндээ бол “Нийтийн дунд халдвар авч ирсэн” гээд бухимдал байсан нь үнэн. Сүүлдээ ард түмэн маань бидэнд байнга сэтгэлийн дэм хайрласан. Хүүхэд хүртэл зураг зураад “Та хурдан эдгэрээрэй. Үр хүүхэддээ эсэн мэнд очоорой” гэж ерөөл дэвшүүлээд, манайхны оргинак хүнс бүтээдэг компаниуд хүртэл дархлаа дэмжих бүтээгдэхүүнээсээ тэр хүнд өгч бэлэглэж, улс орон даяар хандив өргөж байсан. Маш гоё захидлууд ирж байсан. Миний хувьд тэр захидлуудыг орчуулж тэр хүнд хүргэж чадахааргүй тийм гоё сэтгэлийн углуурганы үгс байсан. Тийм учраас тэр Франц хүнийг Монгол Улм эмчилсэн юм.

-Дэлхий нийт коронавирус гэж нэрлэчихсэн болохоос нийтийн дунд ханиад гэсэн ойлголт яваад удлаа. Үнэхээр хамрын ханиад юмуу, эсвэл цар тахал юмуу. Мэргэжлийн эмчийн хувьд юу гэж хэлэх вэ?

-Нийтийн дунд энгийн ханиад юмаа гэж ярьж бичээд байгаа. Энэ бол энгийн ханиад биш юм. Яагаад гэвэл хүн төрөлхтөн сарс, корона гэсэн хоёр вируст анх удаа нүүр тулсан. Хүмүүст ойлгогдохоор яръя. Бид нэг хүнийг таньдаг байлаа гэхэд таньдаг хүнийхээ юу чаддаг, надтай хамтраад ажиллалаа гэхэд ямар үйлдэл дээр ямар хариу урвал үзүүлдэг, ямар ааш зан гаргадаг гэдгийг мэднэ. Гэтэл би шал өөр газар очоод огт танихгүй хүн байвал би тэр хүнтэй болгоомжилж харьцах ёстой. Үүнтэй адилхан өмнө нь бид дээрх хоёр вирустэй огт тулж байгаагүй. Тийм учраас нийтийн дунд хүн бүхэн халдвар авч байна, авах эрсдэлтэй. Бүх хүн өвдөх эрсдэлтэй. Хүний бие организмд ямар урвал үзүүлж байна вэ гэхээр анх удаа орж ирсэн хүнтэй харьцах, тэмцэх тактик байхгүй учраас маш хүчтэй дархлалын организм ажиллаж байгаа.

-Таны хувьд найман сар тасралтгүй үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Мөн 60 хоногийн хувьд гэртээ хариагүй эмч нарын нэг. Одоо ч тусгаарлалтад байгаа юм байна?

-Бидний хийх ёстой ажил. Өргөсөн тангарагаасаа няцаж буцахгүй, ажиллах үүрэгтэй. Ажлаа хийж байгаа хүмүүс.

-Та хэдэн онд эмч болсон бэ?

-Би 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд зургаан сар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байсан. Тэгээд ХӨСҮТ-д ажилд ороод нийтдээ 24 дэхь жилдээ ажиллаж байна.

-Таныг ажиллаж байх энэ хугацаанд Монголчуудад тулгарч байсан хамгийн аюултай халдварт өвчин юу байсан бэ?

-Намайг сургууль төгсөөд ирж байхад ахмад эмч нар болон эрдэмтэд маань ажлын туршлага түүхүүдээ болон ямар цар тахлын голомт байсан дэгдэлт нь ямар байсан талаар ярьж хуваалцаж байсан. Тэдний яриагаар бол Улаанбурхан гэж айхтар өвчин гарч байсан. Мөн цахилгаан менигет гэж хүнд өвчин байсан гэдэг. Энэ өвчний халдвараар олон хүүхэд нас барж байсан гэдэг. Харин миний ажиллаж байсан түүхэнд хэд хэдэн шинэ халдварт өвчний дэгдэлтүүд гарч байсан. Жишээлбэл, гар хөл амны халдварт өвчин N1N2 гэж халдвар байсан.

Хамгийн сүүлд Улаанбурхан өвчний дэгдэлт 2015-2016 онд гарч байсан. Олон хүнийг өвчлүүлж 0-1 насны хүүхдүүд олноор хүндээр өвчилж амь насаа алдаж байсан. Тухайн үед манай эмнэлэг эрчимтийн тасагтаа 10 ортой хэрнээ 30 хүүхдийг авч эмчилж байсан. Олон хүүхдийг энэ аюулт халдвараар алдсан, эмчилж чадаагүй. Яагаад гэвэл улаанбурханы вакциныг 9 сартайгаас хийдэг байсан болохоор энэ 0-1 насны хүүхдүүд хамрагдаж чадаагүй. Дараа нь энэ дэлхийг хамарсан цартахал байна. Энэ халдвар миний ажиллаж байх хугацаандаа үзсэн хамгийн хүнд хамгийн олон хүнийг хамарсан хүндрэл нас баралттай халдвар болж байгаа юм.

-Сүүлийн үед шинэ төрлийн коронавирус гэсэн нэр томъёо гарч ирлээ. Эндээс харахад коронавирус өмнө нь байсан зүйл гэх. Тэгвэл Монгол Улсад хэзээ бүртгэгдээд ямар байдлаар явж байгаад энэ удаагийнх нь цар тахлын хэмжээнд хүрсэн бэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм?

-Энгийн коронавирус гэж байдаг. Нийт амьсгалын замын халдварыг үүсгэгчдийн дунд коронавирус тодорхой хувийг эзлээд ханиад шуухнаа гэж нэрлээд байгаа хөнгөн маягийн эмнэлзүйн шинжийг өгч эргэлтэд байдаг эд. Яагаад шинэ төрлийн гэж нэрлээд байгаа вэ гэхээр өөр төрлийн вирус байгаа юм. Яг энэ сарс, коронавирус хоёр бидний дунд байгаагүй болохоор шинэ гэж нэрлээд байгаа юм.

-Дэлхий нийтэд цар тахал гэж нэрлэснээс хойш маш олон зүйлд өөрчлөлт орж байна. Одоо мутацлагдсан вирус гэж яриад байна. Үүнийг дагаад эмчилгээний арга техник, удирдамж өөрчлөгдсөн байх. Улаан шугаманд ажиллаж байгаа эмч нар дэлхий нийтэд гарч байгаа мэдээллийг хаанаас ямар эх сурвалжтайгаар авч байна вэ?

-Монгол Улс бодлогын хэмжээнд явж ажиллаж байгаа. Анх Ухань хотод коронавирус гарсан. Манайд орж ирээгүй байсан. 2020 оны нэгдүгээр сарын 25-нд гэхэд Эрүүл мэндийн сайдын дэргэд Эмнэлзүйн зөвлөх баг гэдгийг байгуулсан. Дээрээс нь тархвар судлалын зөвлөх баг, мөн харилцаа холбоо гээд одоо ажиллаж байгаа бүх багуудын эх үүсвэр нэгдүгээр сард тавигдсан. Энэ болгонд өөрсдийн чиг үүрэгтэй ажиллаж ирсэн. Чиглэл салбараараа тэргүүлэх шилдэг эмч, мэргэжилтэн эрдэмтэн нар орсон. Ажиллах удирдамж чиглэл, эмчилгээ оношилгоо гээд бүгдийг хийгээд явсан. Эмнэлзүйн зөвлөх баг АНУ, Герман, Япон, Хятад улс, Европийн холбооны улс гээд маш олон улстай уялдаа холбоотой ажилласан. Сүүлийн үед гарч байгаа мэдээ мэдээлэл, эмчилгээний арга барилыг тухайн үед нь аваад Монгол оронд баримтлах, эмчлэх удирдамжийг хийж зургаан удаа шинэчилсэн байна. Үүн дээр нэмээд манай Монголын мундаг эмч нар гадаадад мэргэжлээрээ ажиллаж амьдарч байна. Тэднээсээ туршлага судалж, халуун дулаан сэтгэлээрээ Монгол эмч нарлуугаа өөрсдөө холбогдоод онлайнаар сургалт явуулж байна. Тийм эмч нарын өгч байгаа зөвлөгөө бидэнд маш үнэтэй.

-Жилийн жилд ханиад томуу, хатгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Харин монголчууд коронавирусээр өвчлөөд цөөн хоногт эмчлүүлээд эмнэлгээс гарч байна. Өөрөөр хэлбэл хөнгөн тусаад байна гэж ойлгож болох уу. Эсвэл бие махбодийн дархлаатай нь холбоотой байдаг юм болов уу?

-Франц хүн байна уу, Монгол хүн байна уу энэ халдварт онцын ялгаа байхгүй. Бид нэг л хүн. Шинээр үүсч байгаа халдварын тухайд гэвэл дэлхий нийт Коронавирус гээд баталчихсан. Монгол хүн өвдөхгүй биш өртөж өвдөж байна. Хөнгөн өвдөнө гэж ойлгож болохгүй. Одоо хүндэрч нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Нэн хүнд хэлбэрээр өвчилж байна. Монгол хүн өөр хэлбэрээр өвчлөөд байгаа юм алга. Монголд байтугай дэлхийд шинэ өвчин, шинэ халдвар.

-Франц иргэнийг яагаад олон хоног эмчилсэн юм бэ?

-Франц улсын иргэнийг яагаад олон хоног эмчилсэн юм бэ гэж асууж байна. Вирусийн халдварыг авсан хүн ямар хугацааны дараагаар нийтэд аюулгүй болох юм, хэзээ халдваргүй болох юм. Энэ өвчний хүндрэл хаана хүрэхээр нь аюулгүй түвшинд очсон бэ гэдгийг судлаагүй, тодорхойгүй байсан. Тэр хүнийг 10 хоног эмчлээд эмнэлгээс гаргаад явуулъя гэхэд писиар шинжилгээгээр амьсгалын замаас нь вирус илрээд байсан. Тэгэхээр тэр хүнийг нийтийн дунд халдвар тараана гэж үзээд тусгаарласан. Дээрээс нь уушгинд үүссэн өөрчлөлтийг эмчлэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байсан.

Засгийн газар болон Эрүүл мэндийн яам бодлого болгоод эмчлэгдээд гэртээ гарсан хүмүүсээ тодорхой хугацааны давтамжтайгаар 2-3 сарын дараа гэр бүлээс нь писиар шинжилгээ авч баталгаажуулсан. Буцаад гэр бүлдээ халдвар тарааж уу, авч уу гэдгийг нь үзсэн. Түүний дараа үе шаттайгаар давтан шинжилгээ авахгүйгээр тогтсон хугацаандаа халдваргүй гэж үзээд эерэг байгаа ч гэсэн гэрт нь хариулсан. Эргээд тэр хүмүүсийн ар гэрийнхэн болон ойрын хүндээ халдвар тарааж уу гэдгийг нь дахин тандалт судалгаа хийсэн. Гэтэл халдвар аваагүй байсныг Монгол Улс дахин баталсан. Тийм учраас писиар дээр чухал ач холбогдол өгөх шаардлага байхгүй.

-Халдвар аваад эдгэрсний дараа уушги хэр гэмтсэн байгааг яаж мэдэх вэ. Хүмүүсийн ярьж буйгаар амьсгалахад хүндрэлтэй  болж их амьсгааддаг болсон гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Энэ бол шинэ өвчин. Энэ өвчнөөр өвчилсний дараа хүний биед юу үлдэх вэ гэдгийг бид гэлтгүй дэлхий нийт судалсаар байгаа. Эхнээсээ зарим юмс тодорхой болоод явж байгаа. Эмнэлзүйн хөнгөн хэлбэрээр өвчилсөн, хүндэвтэр хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн уушгинд үүссэн процесс ямар хугацаанд арилж байна вэ гэдгийг өмнө нь эмчлээд гаргасан хүмүүс дээрээ дахиад хэдэн сарын дараа рентгэн зургийг нь аваад хараад, хүмүүстэйгээ харилцаад явж байгаа. Тухайн хүн хэр хөнгөн өвдөнө тэр хэрээр эдгэрэлт хурдан явагдана. Энэ хэрээр хэвийн байдалдаа эргэн орж нийгмийн харилцаанд ороод явж байгаа. Гэтэл зарим хүнд нэн хүнд хэлбэрээр өвчилж байна. Хүнд, нэн хүнд өвдөж байгаа хүмүүсийн хувьд гэвэл уушгийг гэмтээнэ. Хэр их хэмжээгээр гэмтээж байна вэ гэдгээс шалтгаалж нөгөө амьсгалын дутагдалд ороод байгаа юм. Уушги их хүнд гэмтсэн бол нөгөө зохиомол амьсгал хийлгэх шаардлага үүсээд байгаа юм.

-Эрчимт эмчилгээний ор хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Дэлхий нийтэд ч ор болон эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй тохиолдол байгаа. Манайд 15 ор байна. Энэ орнууд дээрээ маш хүнд хүнийг аваад 20-30 хонууллаа гэхэд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй байдалд хүрч байгаа. Тусламж авах хүний тоо нэмэгдээд байдаг. Гэтэл эрчимт эмчилгээний аппарат тоног төхөөрөмж, эмч, сувилагч эмнэлгийн ажилтнууд хомсдол орчихоод байна. Тохиолдлын тоо нэмэгдэх хэрээр эрчимт эмчилгээний эмч, сувилагч ажилчдын ачаалал нэмэгдсэн.

-Нэг өвчтөнд дунджаар 8 сая төгрөг зарцуулж байгаа гэж танай эмнэлгээс мэдээлж байсан. Энэ эмчилгээний зардлын задаргааг та хэлж өгч болох уу. Яг юунд зарцуулахаар ийм мөнгө болж байгаа вэ?

-Нийтийн сүлжээнд сенсааци тарьсан сэдэв байна. Эрчимт эмчилгээнд байгаа хүнд өвчтнүүдийн хувьд 8 сая төгрөг гэдэг хамгийн бага зардал юм. Эрчимт эмчилгээнд олон хоног эмчлэгдэж байгаа хүмүүсийн эмчилгээний хувьсах зардал харилцан адилгүй. Хөнгөн өвчтнүүдтэй харьцуулахад маш өндөр гарч байгаа. Дунджаар багадаа 8-10 сая төгрөгийн зардал гарч байгаа. Хамгийн өндөр гарсан зардал маань 85 сая төгрөгийн зардал байсан. Нэг хүнд өвчтнийг 35 хоног эмчлэхэд зарцуулсан мөнгө.

-Яагаад ийм өндөр зардал гараад байгаа юм бэ?

-Энэ өвчний онцлог байна. Энгийн өвчтөнтэй адил энгийн гүйж ороод бид өвчтнөө үздэггүй. Хувийн хамгаалах хэрэгсэл сайн байх ёстой. Хүнд өвчтөн рүү орох харилцах давтамж маш их. Энэ хэрээр хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ зарцуулалт их байгаа. Хоёрдугаарт өндөр зардал гарсан хүнд гэвэл биеийн гаднах цусыг хүчилтөрөгтэй байлгах ECMO аппаратыг бид хэрэглэсэн. Тэр хүний хувьд биеийн байдал маш хүнд зохиомол амьсгалын аппаратаар амьсгалыг нь орлуулаад байсан ч гэсэн цаашид эмчилгээ нэмэх шаардлагатай болсон. Ингээд нөгөө ECMO аппаратын багийнхнаа бидэнд туслаачээ, нэг ч гэсэн хүнээ аваръя гэсэн хүсэлт тавьсны дагуу нөгөө баг маань ирж, аппаратаа нөгөө өвчтөнд залгасан. Хамтраад бид 35 хоног эмчлээд эдгэрүүлсэн. Тэр аппаратаар тэр хүний цусыг эргүүлээд хүчилтөрөгчөөр баяжуулаад биед нь оруулахын тулд хэрэглэдэг сет нь гэхэд 35 сая төгрөгийн өртөгтэй. Тэгэхээр эрчимт эмчилгээний тасгийн зардал эмчилгээ өндөр байхаас өөр аргагүй. Хэдийгээр бид 30-80 сая төгрөгийг зарцуулж байгаа ч гэсэн нэг хүний амь гэдэг хэзээ ч 85 сая төгрөг биш юм. Хэдэн төгрөг зарцуулах нь чухал биш, нэг хүний амь аврах нь чухал.

-Хүн болгон писиар шинжилгээг хийлгэх гэж зүтгээд байгаа. Гэвч шинж тэмдэг илэрсэн бол шинжилгээ хийх шаардлагагүй болсон гэж эмч нар хэлээд байгаа?

-Албан байгууллага нэгж болгон шинжилгээ хийлгэ гээгүй л бол тэр хүнийг аюултай гэж битгий үзээчээ. Албан байгууллага, нэгж, орон нутаг руу ороход хүртэл писиар шинжилгээ хийлгэхийг шаардаад байгаа юм билээ. Одоо бол тийм шаардлага зарчмаас татгалзаж салах хэрэгтэй. Ард түмэн болоод албаны хүмүүс нэг шугам нэг ойлголт дээр очих цаг болсон.

-Вакцины тухайд гэвэл монголчуудын нэг хэсэг нь хийлгэхгүй гэж үзээд байгаа. Гэвч энэ цар тахлаас хамгаалах ганц найдвартай арга бол дархлаажуулалт биз дээ. Гэтэл нэг хэсэг нь вакциныхаа ач холбогдлыг ойлгохгүй байна?

-Цар тахлын хэмжээнд хүрч байсан халдваруудыг бид вакцинаар даван туулж, халдварыг устгаж маш олон хүн өвчлөхгүй, хүнд өвчлөхгүй эндэхгүй байна. Бид нэг ёсондоо даварчихсан ард түмэн байна. Өнөөдөр нэг ширхэг ч вакцин аваагүй улс орон байгаа. Гэтэл бид өнөөдөр вакцины сонголт хийнэ гэж яриад сошиалд тэр нь муу, энэ нь сайн, тэрийг хүлээнэ гэж цэцэрхэж сууна. Цар тахал биднийг хүлээхгүй. Нэг хүн ч гэсэн нэг минут, секундын өмнө ч гэсэн вакцинаа хийлгээчээ. Зарим нэг нь “Би заавал сайныг нь хийлгэнэ. Намайг корона дийлэхгүй” гэсэн ойлголтоор гандан буурахгүй явж болох юм. Гэхдээ нийгмийнхээн харилцаанд орж амьдардаг хүн учраас зөвхөн миний эрхээс гадна бусдын эрхээр миний эрх хязгаарлагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн учраас бусдынхаа төлөө бид үүргээ хүлээж, ухамсарлаж, тэвчишгүй юмаа тэвчих хэрэгтэй байна.

Эмнэлэгт ирээд хүндрээд нас бараад байгаа хайран хүмүүсийг аврахын тулд нэг ч гэсэн хүнийг нас баруулахгүй төлөө иргэн та вакцинаа хийлгэх ёстой. Та эрсдэлгүй гэж бодож байгаа бол хамрын ханиад гэж үзээд хөнгөн тусаад өнгөрчих. Таны хайртай, эрхэм хүмүүс тань амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тэгэхээр бусдын төлөө өөрийнхөө эрхийг түр ч гэсэн та хязгаарлаачээ. Нэг хоног, нэг минутын өмнө вакцинаа хийлгээрэй. Бидэнд сонголтыг үүсгэсэн Засгийн газар, УОК, ЭМЯ-ндаа талархаж сураарай. 

Цар тахлын хэмжээнд хүрч байсан халдваруудыг бид вакцинаар даван туулж, халдварыг устгаж маш олон хүн өвдөхгүй, хүнд өвчлөхгүй эндэхгүй байна. Бид нэг ёсондоо даварчихсан ард түмэн байна. Өнөөдөр нэг ширхэг ч вакцин аваагүй улс орон байгаа. Гэтэл бид өнөөдөр вакцины сонголт хийнэ гэж яриад сошиалд тэр нь муу, энэ нь сайн, тэрийг хүлээнэ гэж цэцэрхэж сууна. Цар тахал биднийг хүлээхгүй. Нэг хүн ч гэсэн нэг минут, секундын өмнө ч гэсэн вакцинаа хийлгээчээ. Зарим нэг нь “Би заавал сайныг нь хийлгэнэ. Намайг корона дийлэхгүй” гэсэн ойлголтоор гандан буурахгүй явж болох юм. Гэхдээ нийгмийнхээн харилцаанд орж амьдардаг хүн учраас зөвхөн миний эрхээс гадна бусдын эрхээр миний эрх хязгаарлагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн учраас бусдынхаа төлөө бид үүргээ хүлээж, ухамсарлаж, тэвчишгүй юмаа тэвчих хэрэгтэй байна. Эмнэлэгт ирээд хүндрээд нас бараад байгаа хайран хүмүүсийг аврахын тулд нэг ч гэсэн хүнийг нас баруулахгүй төлөө иргэн та вакцинаа хийлгэх ёстой. Та эрсдэлгүй гэж бодож байгаа бол хамрын ханиад гэж үзээд хөнгөн тусаад өнгөрчих. Таны хайртай, эрхэм хүмүүс тань амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тэгэхээр бусдын төлөө өөрийнхөө эрхийг түр ч гэсэн та хязгаарлаачээ. Нэг хоног, нэг минутын өмнө вакцинаа хийлгээрэй. Бидэнд сонголтыг үүсгэсэн Засгийн газар, УОК, ЭМЯ-ндаа талархаж сураарай.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.