| | USD/MNT 0₮
“Голомт” банкны хохирогч болсон гэх иргэн С.Урансувдмаа өчигдөр төв талбай дээр уриа лоозон барьж эсэргүүцэл илэрхийлж орой болтлоо зогссон билээ.
Тэрбээр дээрх банкнаас эдийн засгийн хохирол болох 250 сая төгрөг, мөн 6 жилийн хугацааны сэтгэл санааны хохирол барагдуулахыг шаардаж ийнхүү зогсч байгаа юм.
Учир нь “Голомт” банк харилцагчийнхаа данснаас мѳнгийг нь авч эд хѳрѳнгѳ, орон байрыг нь булаасан байгаа юм.
Энэ талаар иргэн С.Урансувдмаа ярихдаа “Өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 1-нд супермаркетаа түрээслүүлье гэдэг зарыг “Зар мэдээ” сонинд өгсөн. Зарын дагуу О.Уламбаяр гэдэг залуу холбогдож эхний ээлжинд нэг жилийн түрээсийн гэрээ хийсэн.
Улмаар худалдаж авахаар болсон. Энэ бүх үйл явдлын дараа гэнэт тэр залуу ирээд манай эхнэр Голомт банкинд зээл авах боломжтой байна. Зээлийг эхнэрийнхээ нэр дээр авах боломж байна гэсэн. О.Уламбаяр гэх залуугийн эхнэр нь ипотекийн зээлийн 30 хувийг Голомт банкинд байршуулсан гэх гүйлгээ надад үзүүлсэн. Ингээд худалдах, худалдан авах гэрээгээ утга дээр нь урьдчилгаа 45 саяыг байршуулсан учраас Голомт банк 100 хувь санхүүжүүлнэ. Иймд н.Энхзулын нэр дээр шилжүүлж болно гэсэн утгатай гэрээ хийсэн юм. Ингээд би Голомт банкаар дамжуулж үл хөдлөх хөрөнгөө зарсан байдаг юм.
Үүний дараа Голомт банкны “Тэнгис” тооцооны салбарт менежерээр ажилладаг К.Аделбек гэдэг залуу та манай дансанд төгрөгийн данс байхгүй, зөвхөн еврогийн данстай байна.
Тиймээс та дахин төгрөгийн данс нээх хэрэгтэй гэсний дагуу би Голомт банкинд төгрөгийн данс нээлгэсэн. Голомт банкны эдийн засагт К.Аделбек гэх залуу ямар луйвар хийснийг би сүүлд ойлгосон.
Ипотекийн зээл бол орон сууцанд зориулагдсан зээл. Ямар учраас миний супермаркетийг ипотекийн зээлээр өгөх боломжтой гэж харсныг мэдэхгүй байна. Миний хувьд сарын 2 сая 600 мянгаар супермаркетаа түрээсэлж амьдардаг байсан. Гэтэл 2013 оны наймдугаар сараас хойш өнөөг хүртэл бизнесийнхээ үйл ажиллагаагаа явуулаагүй бодит хохирол 200 орчим сая байна. Үл хөдлөхөө өөр хүний нэр дээр алдсны улмаас би захиран зарцуулах, түрээслэх эрхгүй болсон. Иймд миний бодит хохирол 240 сая болоод байна. Надтай адилхан хохирогчид ч байгаа.
Зургаан жилийн хугацаанд айл гэрийн амьдрал голомт сүйрлээ. Гэр бүлээсээ саллаа. Гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, сэтгэлийн шаналантай, эдийн засгийн хувьд ч асар их хохиролтой байна.
Миний энэ 250 сая төгрөгийн хохирлыг нэн даруй барагдуулж өгөхгүй бол би нэг настай нялх хүүхдээ тэврээд Төв талбай дээр суулт хийхээс өөр сонголт алга. Хүний эд зүйлийг бусадтай хуйвалдаж, гэрээгээр халхавчлан залилан хийсэн хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж хариуцалаг тооцохыг хүсч байна” гэв.
"Голомт" банк миний 250 сая төгрөгийн хохирлыг барагдуулахгүй бол би нялх хүүхэдтэйгээ төв талбай дээр суулт хийж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэв.