| | USD/MNT 0₮

Д.Нацагдорж:Коронавирусийн халдвараар өвчилсөн хүнийг уламжлалт анагаах ухаан эдгээж байна

-Хөөрхий дөө хүндэрсэн хүмүүсийн хажууд очоод ном уншиж, сахиус өгчих юмсан, амийг нь аварчих юмсан гэж боддог-

Дэлхий нийтийг чичрүүлж байгаа коронавируст цар тахал Монгол Улсад орж ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд 30 гаруй мянган хүнийг өвчлүүлж, 100 гаруй хүний амийг авч одсон байна. Монгол Улсын 19 аймагт халдвар гарч, Нийслэл тэр чигээрээ халдварын голомт болж улаан бүсийн түвшинд шилжсэн байна. Хоногийн хугацаанд 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж 5-8 хүн нас барна гэдэг эмгэнэлтэй. Сүүлийн үед нас баралтгүй хоног гэж бараг байхгүй. Коронавирусийн нэн хүнд хэлбэр гэсэн оношоор батлагдаад зарим нь эмнэлгийн тусламж авч чадалгүй биеийн байдал нь огцом муудаж нас барчихаад байна. Харин коронавируст халдварын эсрэг эмчилгээ олон нийтийн дунд ихээхэн анхаарал татаж буй.

Уг халдварт өртөж, өвчилсөн хүмүүст дархлаа дэмжих эм, эмчилгээ хийхээс гадна монгол уламжлалт эмчилгээний аргыг анагаах ухаантай хослуулан хэрэглээд байгаа юм. Тухайлбал, Норов 7, Мана 4, Лидэр зэрэг тангуудыг халдварт өртсөн хүмүүст уулгаж байгаа юм. Эдгээр тангуудын үйлчлэл нь халдвараас урьдчилан сэргийлэх, уушги хамгаалах, дархлаа дэмжих үйлчилгээтэй юм. Тэгвэл цар тахал болон халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, Монгол уламжлалт тан, эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар “Манба дацан” хийдийн хамба лам, Монгол Улсын гавьяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Хөл хорио тогтоосон өдрүүдэд үргэлжилж байна. Халдварын нөхцөл байдал ч хүнд байгаа. Гэртээ хөл хорионд байгаа ч халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүс уламжлалт аргаар ямар эмчилгээ хийх вэ. Мөн урьдчилан сэргийлж ямар эд зүйлсийг хэрэглэвэл зохимжтой байдаг вэ?

-Бид нар өнгөрсөн 2020 оны гуравдугаар сараас эхлээд Эрүүл мэндийн яамандаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр ковидыг эмчилж болно гэсэн асуудлыг тавьж явсаар нэгдүгээр сараас Цэргийн төв эмнэлэгт орж уламжлалт анагаах ухааны хөнгөн болоод хүнд, хүндэвтэр хүмүүсийг авч эмчилсэн. Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг халдварт өвчнийг эдгээх онол, арга барилтай. Энэ байдлыг бид нар амьдрал дээр хэрэгжүүлж бодитой үр дүнгээ өгч байна гэдгийг харсан. Монголын уламжлалт анагаах ухааныг бид нар түүчээлж анх удаа салхийг нь хагалж орсон нь бидний хувьд хүмүүст итгэл үнэмшил эдгэрэлт болдог юм байна гэдгийг харуулснаараа чухал үр дүнтэй гэж бодож байна.

-Европ эмчилгээг уламжлалт эмчилгээтэй хэрхэн яаж хослуулах вэ?

-Би энэ ковидын халдварт уламжлалт эмчилгээг хөнгөн, хүнд хүндэвтэр гэсэн оноштой хүнд хийж болно гэдгээ анх хэлсэн. Тэгэхээр хүнд болон хөнгөн хүндэртэр хүнийг уламжлалт анагаах ухаан эдгээж байна. Хүнд нөхцөлд дээр амь нас нь аюулд орчихсон хүн дээр бол европ эмчилгээг уламжлалт анагаах эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хавсарч хийвэл үр дүн илүү гэдгийг дээд байгууллагуудад хэлж байгаа. Европ, уламжлалт хоёр хоёулаа хавсраад эмчилвэл болно.

-Танай эмнэлгээс нийт хэчнээн эмч, ажилтан халдварын голомтод орж ажиллаж байна вэ?

-Нийт 10 гаруй эмч халдварын голомтод орж ажилласан. Энэ хугацаанд нэлээд олон хүмүүсийг авч эмчилж эдгээж, сайхан үр дүнг гаргасан. Эмнэлгийн нөхцөлд яг голомтод гардаж ажилласан. Бид наанаас нь зөвлөж, эмчилгээг маш сайн хийсэн. Манба дацан эмнэлгийн залуу эмч нар ковидын голомт руу ороод өвчтнүүдийг эдгээгээд гарч ирж байгаад нь үнэхээр бахархаж байгаа. Олон хүмүүст ач тусаа өглөө. Бид яг уламжлалтаар дагнаж эмчилсэн шүү. Тэгэхээр Монголын ард түмэнд эргэлзээтэй сэтгэл хэрэггүй шүү. Эрүүл орших ухаандаа хичээх хэрэгтэй. Хөөрхий тэр хүндэрсэн хүмүүст би очоод ном уншиж, сахиус өгчих юмсан гэж боддог. Амийг нь аварчих юмсандаа гэсэн сэтгэл зүрхтэй байна даа. 

-Уламжлалт анагаах ухаанаар эмчилсэн гэхээр яг ямар эмчилгээ хийх вэ?

-Тухайн өвчтнийг эмч үзэж, оношоо тавиад цагаар эмчилгээ хийсэн. Эмчлүүлсэн хүмүүс зөвхөн ковидоос гадна дагалдах өвчнүүдтэй байсныг ч сайхан эмчилж илаашруулж эдгээж өгсөн.

-Танай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн хувьд ямар шалтгаантай хүмүүс ханддаг вэ. Мөн хаврын улиралд хүмүүс ядрах хууч өвчин нь сэдэрдэг. Ийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хаврын улирал нар сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдаад хүний бие махбодийн дархлаа сулардаг. Биеийн хүч буурч шимгүй, хүчгүй болдог. Халдварын болон халдварын бус гаралтай өвчнүүд хаварт их сэдэрдэг. Тэгэхээр хий махбодь их арвиддаг. Тийм учраас хүн та маш сайхан шим тэжээлтэй хоол хүнс өдөр тутамдаа хэрэглэх, мөн сэтгэл санааны хувьд маш сайхан тайван байх ёстой. Мөн хавар чийгшил багатай учраас элэгний өвчлөл сэдрэх магадлалтай. Тийм учраас аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, архаг хууч өвчтэй хүмүүс өөрсдийнхөө эмчилгээг үргэлжлүүлэх, сэргийлэх сарууд болж байна.

Дэлхий нийтэд тархсан энэ ковид 19 цар тахлыг Монголын уламжлалт аргаар халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар манай эмнэлэг зөвлөгөө өгч байгаа. Тодруулбал, Манба дацан эмнэлэг Эрүүл мэндийн яамтай хамтраад энэ халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, яаж эмчлэх вэ гэсэн удирдамж гаргаж, баталгаажуулан хэрэгжүүлж байгаа. Манай эмнэлэг зөвхөн дотоодод гэлтгүй гадаадын иргэдэд эмчилгээ хийж үйлчилдэг. Мэс заслын аргаас бусад бүх эмчилгээг хийдэг.

-Монголд уламжлалтын хэчнээн эмнэлэг байдаг вэ?

-Улсын болоод хувийн 200 гаруй эмнэлэг бий шүү.  Мөн 1991 оноос хойш уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар олон мянган эмч нар байна.  

-Хүний амьдралд шашин шүтлэг яагаад байх ёстой юм. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хүний амьдрал өөрөө буяны төрөл учраас энэ төрөл дээр бид буян хийж амьдрах учиртай юм. Буян хийнэ гэдэг нь бие болоод хэл сэтгэлийн үйлүүдийг их хямгадаж явахыг хэлнэ. Ийм үүрэг авсан ч хүмүүс бид. Биеийн болоод хэл яриа сэтгэлийн үйлүүдийг яаж цэгцтэй байлгах вэ гэдгээ анхаарах ёстой. Бид хэл ярианы нүглийг их хийдэг. Өөрөөр хэлбэл нэг нэгэнтэйгээ хэрэлдэж муудалцах, хов жив ярьж болсон болоогүй сэтгэлээ хямруулсан ажлыг хийгээд сайн үр дүн гарахгүй. Муу юмны үр дүнд муу л юм гарна. Сайн юмны үр дүнд сайн л зүйл тохионо. Тийм учраас Монголчууд маань бие сэтгэл, хэл ярианы үйлдлээ хянаарай.

Би лам хүн учраас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийнхээ жил усыг үзэж харж ажиглалт хийнэ. Тухайлбал, энэ хүнд энэ жил юу сөрөг байна, юу таарахгүй юун дээр жаахан хямраад байна гэдгийг харж судална. Тэгэхээр тухайн жилийн засал номоо хийлгээгүй хүмүүс гарч ирдэг. Тэгэхээр би юу хэлэх вэ гэхээр ард иргэд та бүхэн засал номоо хийлгэж чадахгүй байгааг ойлгож байна. Гэхдээ та бүхэн ямартай ч тарни ном уншиж, өөрийнхөө сэтгэлийг ариусгаач дээ. Хэнээс ч хамааралгүй тарни уншчихвал та өөрийгөө хамгаалчихна. Бид нар хамгаалах тарни, тодорхой үрэл, утлагыг гаргаж өгч болно. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс утлагаар утах, рашаан хэрэглээд үр дүн гарч байгааг тэдгээр хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тодорхой хугацаанд монголчууд маань сэтгэлээ ариун байлгая. Энэ цар тахлыг ямар нэгэн хохирол багатай туулах боломж бид бүхэнд байна шүү. Хэн хэндээ нинж асралын сэтгэлийг агуу ихээр хайрлаарай. Энэ өвчин удахгүй арилж, ариусна гэдэгтээ итгэл төгс байна. Монголын ард түмэндээ эрүүл энхийг хүсье.

-Бурхны ном судар түвд хэл дээр уншигддаг. Үүнийг Монгол хэл рүү хөрвүүлж, монголчлох боломж байдаг уу?

-Энэ бол зөвхөн монголчуудад зориулагдсан номлогдсон бурханы ном биш юм. Зургаан зүйлийн хамаг амьтанд зориулагдсан ном юм шүү. Тийм учраас би гадаадад хүн эмчилж байхдаа бурхны номыг уншихад яг тэр хүний зовлонг нимгэлж арилгадаг. Бурхны ном дотор алагчлал байдаггүй. Англи хүнд тарни уншаад өгөхөөр “Чи үүнийг англи хэл дээр болгоод өгөө” гэж хүсдэггүй. Тарнид судрын болоод тарнийн код гэж бий. Бурхны ном болоод Аг тарнийн ёсонд сансркит хэлэнд энэ тарнийн авиазүй дээр кодлогдсон тарнийг өөр авиазүйд оруулж унших юм бол гурваны хоёр чадал нь алга болох юм байна. Нэг хувийн чадалтай үлдэнэ” гэдгийг тогтоож бурханы номонд айлдчихсан юм. Бурхны шашны дээдсүүд хэдэн мянган жил өөрчлөөгүй кодыг эвдэх ном үзсэн хүн байдаггүй юмаа. Тэгэхээр үүнийг эвдүүлэх хэрэггүй. Харин цагаан уншлагын номнуудыг монгол хэл дээр орчуулж уншиж өгч болно.

-Халуурч бүлээрч байгаа хүн гэрийн нөхцөлд уламжлалт аргаар ямар эмчилгээ дом хийх вэ?

-Ковидын хөнгөн шинж тэмдэг илэрсэн бол гэрээр эмчлэх заавар зөвлөмж өгч байсан. Урьдчилан сэргийлэх байдлаар бүх насныхан Мана, Норов танг хэрэглэж болно. Насанд хүрсэн хүн Мана 4, Норов 7 тангаа өдөрт хоёр хоёр тунгаар ууж болно. Хүүхэд бол нэг тунгаар уух ёстой. Хэрвээ халдвар авчихсан тохиолдолд манайд вирус устгах эм гэж бий. Тодруулбал, вирусийн эсрэг нян нядлах тодорхой жорууд байгаа. Тэр эмнээс эмчийн заавраара авч ууж болно. Мөн хоол ундандаа анхаарах ёстой. Сармистай хоол сайн идэх хэрэгтэй. Хувь хүнд хувьчилсан зөвлөгөө өгдөг. Хэрвээ та гэр орондоо байхдаа бидэнд хандвал бид бие махбодидод нь таарах эмүүдийг сонгож өгөөд 5-7 хоногийн дараа дахин шинжилгээгээ өгч болно. Ийм байдлаар манайхаас эм тан авч хэрэглээд бие нь сайжирч шинжилгээний хариу нь сөрөг болоод ажилдаа явж байгаа хүмүүс бий.

Нийт 10 гаруй эмч халдварын голомтод орж ажилласан. Энэ хугацаанд нэлээд олон хүмүүсийг авч эмчилж эдгээж, сайхан үр дүнг гаргасан. Эмнэлгийн нөхцөлд яг голомтод гардаж ажилласан. Бид наанаас нь зөвлөж, эмчилгээг маш сайн хийсэн. Манба дацан эмнэлгийн залуу эмч нар ковидын голомт руу ороод өвчтнүүдийг эдгээгээд гарч ирж байгаад нь үнэхээр бахархаж байгаа. Олон хүмүүст ач тусаа өглөө. Бид яг уламжлалтаар дагнаж эмчилсэн шүү. Тэгэхээр Монголын ард түмэнд эргэлзээтэй сэтгэл хэрэггүй шүү. Эрүүл орших ухаандаа хичээх хэрэгтэй. Хөөрхий тэр хүндэрсэн хүмүүст би очоод ном уншиж, сахиус өгчих юмсан гэж боддог. Амийг нь аварчих юмсандаа гэсэн сэтгэл зүрхтэй байна даа.
Ярилцлага

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.