| | USD/MNT 0₮
Улаанбаатар хотын 64 жилийн түүхийг хадгалсан Байгалийн түүхийн музейг өнгөрсөн долоо хоногт бүрэн нурааж, булшиллаа. Суурин дээр нь Чингис хааны музей байгуулна гэх боловч оффисын зориулалттай өндөр шилэн барилга барина гэх мэдээлэл олон нийтэд түгсээр буй. Үүнийг батлах мэт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын макетийн дээр шовгор орой хийж тавиад “Чингис хааны музейн барилгын макет” гэж танилцуулсан нь ил болжээ. Энэ нь “Чингис хааны музей байгуулах зураг төсөл” байхгүй гэсэн үг.
Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төсөвт тусгасан боловч Их тэнгэрийн аман дахь 7.4 га газрыг "Шинэхэн групп" гэх ХХК-д таван жилийн хугацаагаар ашиглах тусгай зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа. Тухайлбал, сэтгүүлч У.Оргилмаа өөрийн твиттер хуудаснаа ““Шинэхэн групп" 2015 оны зургадугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын 225 дугаар тогтоолоор Их тэнгэрт 7,4 га газарт Үндэсний хурлын танхим болон таван Одтой зочид буудал барихаар газар авч. Энэ тогтоолыг 2016 онд хүчингүй болгожээ. “Шинэхэн групп” 25 тэрбум төгрөгийг нэхэмжилж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан” хэмээн бичжээ. Энэхүү маргаан нь одоог хүртэл үргэлжилсээр буй.
Энэхүү тусгай зөвшөөрлийг Ч.Сайханбилэгийн тэргүүлж байсан Засгийн газрын үед БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Батсансар гэрчилгээ олгожээ. Улмаар тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд экс ерөнхий сайдын хамаарал бүхий хүмүүс бий. Тухайлбал, компанийн хувь эзэмшигчээр “Барс” группын тэргүүн, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан Ч.Амарбаатар, 2010 оны үед Харилцаа холбооны зохицуулах газрын Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн туслах байсан гэх Ж.Сансар нарын нэр байв. Ийнхүү музейн газар “Шинэхэн групп” буюу экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хуурай “дүү” нарын 25 тэрбум төгрөгийн барьцаанд орчихсон байх юм.
Байгалийн түүхийн музейн газар Ч.Сайханбилэгийн дүү нарын барьцаанд орсон уу?