| | USD/MNT 0₮

“БУЯНТ-УХАА 2”-Т ОРЖ ЧАДААГҮЙ БАЙГАА 262 АЙЛЫГ ОНООС ӨМНӨ БАЙРАНД НЬ ОРУУЛНА ГЭВ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох айлуудын 262 айл өнөөдөр байрандаа орж чадахгүй хоёр сар гаруй хугацаа өнгөрч хүлээлтийн байдалтай байна.

Яагаад байранд оруулахгүй байгаа талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатараас өчигдөр тодруулахад “Манайхаас шалтгаалах зүйл байхгүй. Айлуудаа аль болох хурдан оруулчихмаар байна. Гэтэл таван компанийн нэгдэл буюу Бүтээн байгуулалтын үндэсний корпорациас шалтгаалаад удаашралтай байна. Тус газраас улсын комисст хүлээлгэж өгөөд байрныхаа түлхүүрүүдийг гардуулах ёстой. Бидний мэдлийнх биш болохоор түлхүүрийг нь шууд булаагаад авах боломж байхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгвэл “БҮТҮ” ХХК-ийн эх сурвалжаас айлуудыг хэзээ байранд оруулах талаар тодруулахад “Улсын комисс хүлээгээд авсан. Харин одоо ажиллагааны акт зурагдаж дуусаагүй. Доод шатнаасаа өгсүүлээд барилгын ажилд оролцсон бүх хүмүүсээр гарын үсэг зуруулах ажил явагдаж байна. Тэгээд архивт хүлээлгэж өгөх ёстой. Бид гэсэн хүлээгээд байгаа айлуудад байрных нь түлхүүрийг өгмөөр байна. Гэвч дүрэм журмаараа бол улсын комисс хүлээж аваагүй, акт нь бүрэн дуусаагүй байхад айл иргэдийг оруулж болохгүй. Янз бүрийн эрсдэл гарвал бид хариуцлага хүлээх болчих учраас хариуцлагатай байхгүй бол болохгүй. Байрыг нь хүлээлгэж өгөхөд бэлэн. Акт зуруулах ажил удахгүй байх. Шинэ оноос өмнө 262 айлыг байранд нь оруулчихна, санаа зоволтгүй.  Харин НОСК-иос буруу зөрүү ойлголт гаргаад байх шиг байна” гэлээ.

 

"Буянт-Ухаа 2" хороололд орох ёстой 580 айлын 262 айл нь өнөөдрийн байдлаар байрандаа орж чадаагүй байна. Тэгвэл тэднийг шинэ оноос өмнө байранд нь оруулна гэдгийг Үндэсний бүтээн байгуулалтын корпорациас мэдэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.