| | USD/MNT 0₮

Б.Сүхбаатар:НОСК байрыг нь өгөхгүй байгаа юм биш, Бүтээн байгуулалтын корпорацид асуудал байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох иргэдийн төлөөлөлд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд төв талбай дээр Хотын дарга С.Амарсайхан болон НОСК-ийн удирдлагууд байрны батламж гардуулж, баярын арга хэмжээ зохион байгуулсан.

Өнөөдрийн байдлаар 580 айлын 318 нь байрандаа орж 262 айл байрандаа орж чадахгүй хүлээлтийн байдалтай хоёр сар өнгөрсөн байна.

Тэгвэл яагаад байранд нь оруулахгүй байгаа талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

“НОСК хүлээж авах ёстой байр. Гэтэл бид байраа хүлээж авч чадахгүй байна. Байрандаа орох иргэдийг бүх зүйлийг бэлэн болгочихсон байгаа. Сонгон шалгаруулалтыг нь явуулж зохих журмынх нь дагуу айлуудтайгаа гэрээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.

Яагаад айлуудыг оруулахгүй байна вэ гэвэл Хөгжлийн банк болон Бүтээн байгуулалтын корпорацид айлуудыг оруулах талаар байнга шаардлага тавьж байна. Барилга хот байгуулалтын яаманд ч хүсэлт хүргэсэн. Бүтээн байгуулалтын корпораци буюу таван компанийн нэгдэл Улсын комисст хүлээлгэж өгөх ажлаа гүйцэт дуусгаагүй байна. Цөөхөн хүний гарын үсэг дутуу гэсэн. Үнэндээ бол бид нар барилга барьсан мэт өөрсдөө араас нь хөөцөлдөөд явж байна. Тодорхой хэмжээний төлбөр мөнгөний асуудал байгааг салбарын яам нь шийднэ гэсэн юм билээ. Хуулиндаа болон дүрэм журмандаа Улсын комисс хүлээж аваагүй байранд айл өрх оруулах боломжгүй юм билээ.

Гэхдээ бид байраа хүлээлгэж өгөхийг шаардаж байна. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байх. Бид шууд очоод байрны түлхүүрийг нь булаагаад авах боломжгүй юм. НОСК-т юу ч шилжиж ирээгүй байна. Бид нар байрны түлхүүрийг нь авчихаад айлуудад өгөхгүй байгаа юм шиг ойлголт олон нийтэд байна. Бүтээн байгуулалтын корпораци түлхүүрээ өгөхгүй бол бид булааж авах эрхгүй. Харин ч иргэдээ дагуулж очоод дараагийн ямар шийдэл байна. Тэр асуудлаар бид явна шүү гэдгийг хэлсэн байгаа.

Харин газраа чөлөөлсөн 390 айл цагаан сараас өмнө байрандаа орно. Аль болох байранд нь хугацаа алдалгүй, хурдан байранд нь оруулж байж ашиглалтын зардлаа гаргаж авч, зээлийн эргэн төлөлтөө хийнэ. Манайхаас болж нэг ч ажил гацаагүй юм шүү” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Газраа чөлөөлсөн 390 айл Цагаан сараас өмнө байрандаа орно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.