| | USD/MNT 0₮
Энэ жил Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчиллээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар мөрдөгдөж эхэлнэ.
Тухайлбал, одоо хэрэгжиж байгаа хуульд анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Тэгвэл шинэчилсэн хуульд хөнгөлөлтийн хэмжээг зургаан сая хүртэлх төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Мөн барилга, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаанаас бусад худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг шууд хасах зохицуулалт орсон. Үнэ шилжилтийн зарчмыг албан ёсоор зохицуулалт болгон тусгасан зэрэг өөрчлөлтүүд шинэчилсэн багц хуулиудад тусгагдсан байна.
Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэгийн мэдээлснээр "Шинэчлэн батлагдсан татварын багц хуулинд Татвар төлөгч тал руу чиглэсэн эерэг өөрчлөлтүүд олон орсон байгаа. Ялангуяа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зан төлөв, онцлогт тохирсон зохицуулалтууд орсон. Жишээ нь, 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч өөрөө хүсвэл хялбаршуулсан горимоор татвараа төлж болно. Хялбаршуулсан горим гэдэг нь хуулинд заасан ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүйгээр шууд нэг хувиар албан татвар төлнө. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой, хуульд тусгайлан заасан салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдөөс бусад нь 10 хувиар татвараа төлөөд, 90 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа. Цаашлаад татвар төлөгчдийн тайлан тушаах тоог цөөрүүлж, бичил жижиг бизнес эрхлэгчид жилд нэг удаа, дунд бизнес эрхлэгчид хоёр удаа, том бизнес эрхлэгчид дөрвөн удаа тайлангаа тушаахаар зохицуулалт хийгдсэн. Үүний үр дүнд татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнаж татвар төлөгчдийн тоо нэмэгдэх, хяналт шалгалтаар илрэх зөрчлийн дүн буурна гэсэн хүлээлттэй байна" хэмээн онцолжээ.
Энэ жил Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчиллээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар мөрдөгдөж эхэлнэ.