| | USD/MNT 0₮
Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшиж сонгогдсон МУГЖ С.Жавхлан гишүүн болж Төрийн ордонд дөрвөн жил суулаа. Эхэндээ их ганцаарддаг, хэлж хийсэн ажил нь гавидаггүй, хууль санаачлахаар дэмжигддэггүй ганцаараа хүчин мөхөсдөж байгаа талаараа ярьж байсан удаатай. Гэхдээ гишүүдтэй ана мана үзэлцэж үг, үзэл бодлоо гишүүнийхээ индэр дээрээс чөлөөтэй хэлдэг шударга үгтэй гишүүн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Одоо дөрвөн жил гишүүний ажил хийгээд үзсэн тэрбээр ирэх онд сонгуульд дахин хүч үзэхгүй. Харин ч урлагийнхаа төрхөмдөө буцахаар шийджээ.
Сүүлийн үед урлагийнхныхаа томоохон тоглолтод ая дуугаа өргөж, урлагийн тайзан дээрээ монгол дээлтэйгээ харагдах болов. Тухайлбал, МУСТА Л.Чулуунбаатарын тоглолт дээр дуулсан. Мөн нутгийн ах ая зохиогч Пүрэвсүрэнгийн "Дулаахан намар" тоглолтод оролцсон бол хамгийн сүүлд хайртай найзынхаа "Цэнхэр тэнгэрийн орон" уран бүтээлийн цэнгүүнийг нь найруулж өгч мөн энэ дуугаа дуулсан нь үзэгчдэд их таалагдсан байна.
Олон нийт С.Жавхланг улс төрд орж байхаад ард түмнийхээ хайртай дуучин гавьяат байхыг хүсдэг байсан. Тэгвэл хайртай гавьяат нь урлагтаа ийнхүү эргэн иржээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан урлагтаа эргэн ирсэн бололтой.